Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан нийт 387 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 118 хүн эмнэлэгт, нэг хүн гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа бол 268 хүн бүрэн эдгэрсэн байна. Өвчний тархалтын байдал харьцангуй хяналттай байгаа ч эрсдэл буураагүй тул нийтээрээ сэргийлэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага анхаарууллаа.
Улаанбурхан нь агаараар амьсгалах замаар маш хялбар дамждаг, халдварлах чадвар өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Одоогийн байдлаар улаанбурхан өвчний голомт нь ерөнхий боловсролын сургуулиудад төвлөрч байгаа бөгөөд энэ нь насанд хүрээгүй хүүхдүүд, тэдэнтэй ойрын харилцаанд байдаг багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн дунд халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлж байна.
Иймд Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг дараах байдлаар анхааралтай хандахыг уриалж байна:
-
Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй иргэд яаралтай хамрагдах
-
Халдвартай орчинд орохгүй байх, амны хаалт зүүх
-
Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд эмнэлгийн байгууллагад хандах
-
Сургууль, цэцэрлэг, олон нийтийн газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх
Эрүүл мэндийнхээ төлөө хариуцлагатай байж, халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахад идэвхтэй оролцохыг албаныхан уриалж байна.
Лавлах утас: 89016199, 75103100
Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв