Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хүн амын нягтрал өндөртэй зах, худалдааны төвүүдэд төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг ажиллуулж эхэллээ. Энэхүү цэгээр дамжуулан иргэд төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болж байна.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг дараах байршлуудад байршуулж, үйл ажиллагааг нь тогтмол зохион байгуулах юм. Үүнд:
-
Даваа гарагт:
Хан-Уул дүүргийн 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд; -
Мягмар, Лхагва гарагуудад:
Сүхбаатар дүүргийн 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд; -
Пүрэв, Баасан гарагуудад:
Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлаж ажиллана.
“ХУРДАН” цэгээр дамжуулан иргэд бүртгэл, лавлагаа, үйлчилгээний төрөл бүрийн асуудлыг шийдвэрлүүлэхээс гадна цахим системийн талаар мэдээлэл авч, зөвлөгөө, тусламж авах боломжтой юм. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд улам ойртож, илүү хүртээмжтэй, хялбар хэлбэрээр хүрч байгаа нь олон нийтийн сэтгэлд нийцэж буйг албаныхан онцолж байлаа.
Эх сурвалж: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар