Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сайн дурынхны төв болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Сайн үйлсийн өдөр”-ийг энэ жил “Teenage Life Style” уриан дор Төв талбайд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү өдөрлөгт сайн дурын 1500 гаруй өсвөр үеийн хүүхэд, залуус идэвхтэй оролцсон бөгөөд тэд эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
“Good Deeds Day” буюу “Сайн үйлсийн өдөр” нь дэлхийн 100 гаруй оронд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулагддаг бөгөөд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр ажил зохион байгуулах олон улсын санаачилга юм. Манай улсын хувьд энэ жилийн үйл ажиллагаа өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд, амьдралын хэв маягт онцгой анхаарал хандуулж буйгаараа онцлог байлаа.
Төв талбайд болсон өдөрлөгийн үеэр:
-
Эрүүл зөв хооллолтын ач холбогдлын талаар танилцуулга, зөвлөгөө өгч
-
Өдөр тутмын дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилсан практик хөтөлбөрүүд хэрэгжүүлж
-
Сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай ойлголт, мэдээлэл хүргэж
-
Хорт зуршлын хор уршгийн талаар мэргэжлийн зөвлөмж өгсөн
Мөн оролцогч хүүхэд, залуусын дунд урлаг, спорт, урам зориг өгөх үйл ажиллагаа зохион байгуулсан нь тэдэнд өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх шинэ орон зай болж өгсөн юм. Өсвөр үе, залуучуудын дуу хоолойг сонсож, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн энэ төрлийн санаачилга цаашид улам өргөжиж, олон нийтийг хамарсан, тэгш оролцоог дэмжсэн хэлбэрээр зохион байгуулагдах нь зүйтэйг оролцогчид онцолж байлаа.
Эх сурвалж: НЗДТГ, Монголын сайн дурынхны төв.