Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Засгийн газрын хуралдаанаар 14 хоногийн өмнө байгуулсан. Тус Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.
Сангийн сайд Б.Жавхланын мэдээлснээр, Ажлын хэсэг Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар багтсан бөгөөд тэд холбогдох албаныханд тодорхой үүрэг чиглэл өгч, газар дээр нь нөхцөл байдлыг судалсан байна.
Гурван боомтын аль алинд нүүрсний овоолго үүссэн, хоёр улсын хилийн хоёр талд нүүрс хураагдсан байдалтай байгааг ажлын хэсгийнхэн онцолсон байна. Энэ нь дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан, экспортод гарах хэмжээ саарсан, улмаар алдагдал нэмэгдэж байгаатай холбоотой аж. Мөн энэ нь биржийн арилжаанд компаниудын оролцох боломжийг хязгаарлаж, нүүрсний арилжаа саармагжих шалтгаан болжээ.
Ийм нөхцөлд Ажлын хэсэг:
-
Бирж, үнэ, боомтын нөхцөл зэрэг дотоод хүчин зүйлсийг 50 хувиар бууруулах чиглэлд анхаарч ажилласан;
-
Аж ахуйн нэгжүүдийн тавьсан санал, тулгамдаж буй асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Тус ажлын хэсэг цаашид нүүрсний тээврийг оновчтой зохион байгуулах, хил дээр үүссэн овоолгыг багасгах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын саад тотгорыг бууруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба.