Хятадын Харбин хотод болсон Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааны спортыг “Айчи-Нагоя 2026” Азийн наадмын хөтөлбөрт багтаах шийдвэрийг санал нэгтэй баталжээ.
Ирэх оны есдүгээр сарын 19-нд эхлэх Азийн XX наадамд холимог тулааны эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жингийн ангилалд тэмцээн зохиогдох бөгөөд энэ нь тус спортын хөгжлийг улам бүр хурдасгаж, Азийн тамирчдад олон улсын түвшинд ур чадвараа сорих томоохон боломж болохыг Азийн холимог тулааны холбоо онцолжээ.
Мөн “Айчи-Нагоя 2026” наадамд Азийн 48 орны тамирчид 41 спортын төрлөөр өрсөлдөх бөгөөд холимог тулаанаас гадна цахим спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдсэнээр нийт 11 багц медаль олгох болж байна.
Ташрамд дурдахад, энэ оны аравдугаар сарын 22-нд Бахрейнд эхлэх Азийн залуучуудын III наадамд холимог тулааны спорт багтсан бөгөөд 14-17 насны тамирчид өрсөлдөх юм.
Эх сурвалж: Азийн олимпын зөвлөл