АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг Даваа гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Энэ уулзалт Атлантын далай дамнасан харилцааны ирээдүй тодорхойгүй байгаа үед болсон байна.
Европын аюулгүй байдал, Украины дайн
Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх-д бэлэн байгаагийн зэрэгцээ Украинд энх тайвныг тогтооход АНУ-ын оролцоо чухал гэдгийг Э.Макрон уулзалтын үеэр онцолсон байна.
“Европчууд бид аюулгүй байдлын баталгаанд оролцогч талууд байх үүрэг хүлээсэн. Европын аюулгүй байдлын төлөө танай улсын олон жилийн турш үүрч ирсэн ачаанаас үүрэлцэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид сайтар ойлгож байна” гэж тэрээр мэдэгдсэн байна.
Энэхүү уулзалт Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш гурван жил өнгөрсөнтэй давхацсан бөгөөд Украины дайныг хурдан дуусгахыг эрмэлзэж буй Д.Трампын гадаад бодлогын өөрчлөлт Европын удирдагчдад тодорхойгүй байдал үүсгэж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.
Трамп: “АНУ дангаараа биш, Европ ч ачааллаа үүрэх ёстой”
Европын орнуудын төрийн тэргүүнүүдээс Д.Трамптай анхлан уулзсан нь Макрон болж байна. АНУ Украины дайныг дуусгахад чухал үүрэг гүйцэтгэх ч үүний төлөөх зардлыг Европын улсуудтай хамт үүрэлцэх ёстой гэж Трамп мэдэгджээ.
Макрон: “Энх тайван нь Украин бууж өгсөн мэт харагдаж болохгүй”
Францын Ерөнхийлөгч Э.Макрон дайныг зогсоох Трампын хүчин чармайлтыг сайшаасан боловч ирээдүйн энх тайван Украины бууж өгсөн мэт харагдаж болохгүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
“Украин сүүлийн хэдэн жил тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынхаа төлөө, хамтын аюулгүй байдлын төлөө тэмцсэн. Энэ танхимд байгаа та бүгдийн хэн нь ч хууль дүрэм, олон улсын хил хязгаарыг зөрчдөг дэлхий ертөнцөд амьдрахыг хүсэхгүй байх” гэж тэр хэлжээ.
Цагаан ордны уулзалтын өмнө Макрон Трамптай Украинд “өнө удаан үргэлжлэх энх тайван”-ыг тогтоох талаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэн бөгөөд Киевийн оролцоогүйгээр ямар ч энхийн хэлэлцээр хийх боломжгүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: France24