Мөн өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ойрын хоёр долоо хоногийн дотор уулзаж, хоёр орны хооронд ашигт малтмалын гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдэгдэв.
“Зеленский гэрээнд гарын үсэг зурахаар энэ долоо хоногт эсвэл ирэх долоо хоногт ирж магадгүй. Би түүнтэй Зууван танхимд уулзахдаа баяртай байх болно" гэж Трамп сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.
АНУ-ын Сангийн сайд: “Ашигт малтмалын гэрээ нь Украины эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болно”
АНУ, Украины хооронд байгуулах гэрээ нь Киевт "эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа" олгох болно гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Fox News” сувагт ярилцлага өгөхдөө онцолжээ.
“Энэ хэлэлцээр бол Украин, Оросын хооронд энх тайван тогтооход чиглэсэн Ерөнхийлөгч Трампын бодлогын нэг хэсэг бөгөөд украинчуудад амар амгалан амьдрах боломжийг олгоно” гэж Бессент мэдэгдсэн байна.
Түүнчлэн тэрбээр, АНУ-аас Украинд шууд цэргийн баталгаа олгох талаар тусгаагүй харин АНУ тус улсын "эдийн засгийн ирээдүйд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулж, улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг нь хангах албан бус баталгааг олгоно" гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: DW