Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл боловсруулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзулаар ахлуулан, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцжээ.
Хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдав.
Хуулийн төслийн гол зорилго
Энэхүү төсөл нь гэр бүлийн тогтвортой байдал, ажил амьдралын тэнцвэрийг хангах, нийгмийн үйлчилгээг гэр бүлийн бүх гишүүнд хүртээмжтэй болгох зорилготой.
Хэрэв хуулийн төсөл батлагдвал:
- Гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих
- Бага насны хүүхэдтэй болон олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах
- Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлтийг хангах
- Гэр бүлд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогод нийцсэн, гэр бүл төвтэй төрийн зохицуулалт бий болгох чухал алхам болж байгаа юм.