Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан нийслэл болон орон нутгийн замын ачаалал нэмэгдэж байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагахыг уриаллаа.
Хотоос гарах хөдөлгөөн удаашралтай байгаагаас үүдэн иргэд, жолооч нар баталгаагүй замаар зорчих нь түгээмэл үзэгдэл болсон. Улмаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулдаг. Сар шинийн өдрүүдэд орон нутгийн замд гардаг осол аваарын тоо энгийн өдрийнхөөс хоёр дахин их байдаг.
Тиймээс баярын өдрүүдэд хөдөө, орон нутагт зорчихдоо баталгаатай зам, маршрутаар явах, хурдаа тохируулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг баримтлан соёлтой зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлснээр, баярын өдрүүдэд хотын захыг чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгддэг учир Тээврийн цагдаагийн албатай хамтран тухайн үед автомашины хөдөлгөөнийг сааруулах ажлыг хийхээ мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1123 нийтийн тээвэр үйлчилгээнд явж байгаа бол сар шинийн баярын өдрүүдэд нийт 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх аж.