НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ), Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-аас зохион байгуулсан "Монгол Улс-Уур амьсгалын сан" олон талт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, орон сууцны үр ашгийг нэмэгдүүлэх, хог хаягдал болон газрын доройтолтой тэмцэх чиглэлд төслүүд хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга хэмжээ болохыг оролцогчид онцолсон байна. Учир нь энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулснаар олон улсын санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх аж.
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ,
"Монгол орны агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.5 градусаар дулаарч, өвлийн хур тунадас нэмэгдэж, зуных нь буурсан. Байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ихэсч, эрчим нь нэмэгдэж байна. Үүнээс үүдэн нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин зэрэг бүхий л салбарт сөрөг нөлөө үзүүлж байна. Манай улс Уур амьсгалын ногоон сантай (GCF) үр дүнтэй хамтран ажиллаж, олон төсөл хэрэгжүүлсэн ч тэдгээрийн үр өгөөжийг сайжруулах шаардлагатай" хэмээн онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улс, Уур амьсгалын ногоон сан хамтын ажиллагаагаа шинэчлэх чиглэлд хэд хэдэн асуудлыг хөндсөн байна. Тухайлбал, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын оролцоог сайжруулж, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн механизмыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэв.
Төслүүдийн санхүүжилт, үр дүн
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд 408 сая ам.долларын төсөл боловсруулсан ч, үүнээс ердөө 65 сая ам.долларын санхүүжилт Монгол Улсад орж ирсэн байна. Энэ нь төслүүдийн 15% нь л амжилттай хэрэгжсэн гэсэн үг юм. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр төслүүдийн хэрэгжилтийн хурдыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд бодитой алхам хийх хэрэгтэйг онцлов.
Уур амьсгалын ногоон сан гэж юу вэ?
Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund – GCF) нь дэлхийн уур амьсгалын чиглэлийн хамгийн том сан бөгөөд хөгжиж буй улсуудад уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг дэмжих зорилготой.
Эх сурвалж: БОУАӨЯ