Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж, бизнес эрхлэх орчныг сайжруулах хэд хэдэн арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Doing Business” тайлангийн шалгуур үзүүлэлтүүдийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн бөгөөд үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
- Хуулийн этгээд байгуулах үйл явцыг цахимжуулж, гурван хоногоос илүү хугацаа зарцуулахгүй болгох
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг цахимжуулж, шаардлагатай салбаруудыг нарийвчлан тогтоох
- Аж ахуйн нэгжүүд эрчим хүчинд холбогдох үйл явцыг хялбаршуулж, нийт хугацааг 40 хоногт багтаах
- Тусгай зөвшөөрлийн олголт, сунгалт, түдгэлзүүлэлт, сэргээх болон хүчингүй болгох үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох
- Хуулиас давсан шаардлага, шалгуур тавьсан журмуудыг хүчингүй болгож, зохицуулалтыг цэгцлэх
Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах бөгөөд даваа гараг бүр хуралдаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар