Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын манлайлагч, Бүх цэргийн жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын дэргэд "Анхны долоо" сан-г байгууллаа.
Тус үйл ажиллагаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Намын дарга асан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөл, Их жанжны гэр бүлийнхэн оролцов.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар "Анхны долоо" сан нь тусгаар тогтнолын үнэт зүйл, улс төрийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуусын хөгжилд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах бөгөөд гадаад улсад суралцах 20 хүүхэд, дотоодын их, дээд сургуульд суралцах 80 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгох талаар мэдээллээ.
Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга Х.Алтай тус сангийн үйл ажиллагааны үндсэн долоон чиглэлийг танилцуулсан юм.
Мөн өдрийн хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын болон Нийслэлийн удирдлагуудын төлөөлөл, төр, нийгмийн зүтгэлтнүүд, Их жанжны үр хүүхэд, төрөл төрөгсөд Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.
Дамдины Сүхбаатар нь 1921-1922 онд Цэргийн яамны тэргүүн сайд, 1921-1923 онд Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оноос Бүх цэргийн жанжнаар ажиллаж байв.