x

Байнгын хороо: Зээлийн хэлэлцээрүүдийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хамтарсан хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн даргалсан бөгөөд эхлээд Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Төслийн талаар Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгөх төсөл гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгоод жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, дотоодын хэрэглээний 55 хувийг хангаж, шинээр 700 гаруй ажлын байр бий болгох эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл хэмээсэн.


Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2019 онд соёрхон баталсан. Төсөл батлагдсанаас хойш 2024 оны жилийн эцсийн байдлаар 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаад байгаа бөгөөд төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байна гэлээ.  
Түүнчлэн тэрбээр, төслийн хэрэгжилтийн явцад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ээс EPC-4 багц ажил буюу үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, газрын тос боловсруулах ажлын төсөвт өртөг нэмэгдэх талаар мэдэгдсэн бөгөөд төслийн өртгийн нэмэгдлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 9 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар буюу хуучин төсөвт өртгөөс 462.2 сая ам.доллароор нэмэгдэхээр баталгаажуулсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр, зээлийн хэлэлцээрийг хийгээд байна. Энэтхэгийн талаас 464 сая ам.долларын нэмэлт санхүүжилт нь EPC-4 багц ажлын хүрээнд зарцуулагдах тул 2019 онд тус багц ажлын хүрээнд байгуулсан 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг нь үүнд шингээж, нийт 700.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулахаар төсөлд тусгаад байна. Төсөлд энэтхэгийн талаас өмнөх зээлийн хэлэлцээрийн нөхцөлүүдээс гадна гурван нөхцөлийг шинээр тавьсныг онцлов.


Үүнд, төслийн хүрээнд дахин нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэх, төслийн хүрээнд олох бүх орлого, авлагыг Монгол Улсад орших аль нэг банканд нээсэн “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансаар дамжуулах бөгөөд хэрэв зээлийн хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ Засгийн газар биелүүлээгүй буюу зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн дансыг царцааж, төлбөрийг үйлдвэрийн орлогоос шууд татан авах, мөн зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлбөрийн үүрэг дуусах хүртэл буюу 2045 он хүртэлх хугацаанд “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн орлогод дарамт үүсгэх аливаа асуудалд БНЭУ-ын ЭКСИМ банктай зөвшилцөх зэрэг нөхцөлүүдийг зээлийн хэлэлцээрт тусгаад байна. Мөн төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор орж ирсэн тоног, төхөөрөмжийг төсөл дуусах хүртэл гаалийн түр горимд байршуулах зохицуулалтыг тус хэлэлцээрийн төсөлд тусгасныг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулгадаа дурдлаа.
Нэмэлт санхүүжилтийн зээлийн эх үүсвэр нь өмнөх зээлүүдийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэв.


Мөн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэдгийг онцлон тэмдэглэв.  
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Ганбат, Х.Ганхуяг, Р.Батболд, Г.Хосбаяр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ч.Анар, Ц.Даваасүрэн нар үг хэлсэн. Гишүүд газрын тос боловсруулах үйлдвэр  ашиглалтад орсны дараа түүхий эдийн тасралтгүй байх нөөцийн бүрдүүлэлт хэр байгаа талаар болон энэ асуудалд бодлогын арга хэмжээ авч буй эсэх, төлөвлөсөн хугацаандаа төсөл хэрэгжиж чадаагүй, ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээ бага байгаа шалтгаан нөхцөлийн талаар илүүтэй лавлаж байлаа.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариултдаа, “Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тос хэрэглэнэ. 2024 оны гүйцэтгэлээр жилдээ 552 мянган тонн түүхий тосыг олборлож экспортод гаргасан бөгөөд зөрүү 950 орчим мянган тонны дутагдал үүснэ. 20213, 2014 онд жилдээ 1.1 сая тонныг экспортод гаргаж байсан. Үүнээс хойш “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн хөрөнгө оруулалтаа тодорхой хэмжээнд бууруулсантай холбоотойгоор олборлолт багасан гэдгийг дурдав. Мөн тэрбээр, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад Монгол Улсын Ерөнхий сайд айлчлах үеэр хоёр тал уулзаж, ярилцан хөрөнгө оруулалт, олборлолтоо нэмэгдүүлэх талаар ярилцсан. Энэ жил 750 мянган тонн түүхий тос экспортлохоор яриа хэлэлцээ хийж байна гэв. Засгийн газраас 6 талбарт хайгуулын талбай зарлаж, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна. “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19, 21 дүгээр талбай дахь геологийн 300 сая тонн нөөцөөс ашиглалтын баталгаат нөөц 41 сая тонн гэж тогтоогдсоноос бид 10 сая тонныг нь экспортод гаргасан. Одоо 31 сая тонны нөөц бий. Мөн Засгийн газар тус үйлдвэр ашиглалтад орох 38 сарын хугацаанд газрын тосны олборлолт хийж буй бүх аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгааг Ц.Туваан сайд хариултдаа онцлоод шаардлагатай 1.5 сая тонн түүхий тос нөөцийг бүрдүүлэх бүрэн боломжтой гэж байлаа.

Харин Сангийн сайд Б.Жавхлан, “2017 онд БНЭУ-ын Засгийн газраас тэрбум ам.долларын зээл өгөхөө мэдэгдсэн ч, хэрэгжүүлэх төсөл тодорхойгүй байсан. 2018 онд төсөл тодорхой болж, ТЭЗҮ батлагдсан. 2019 оноос уг төсөл EPC-1-ээс эхэлсэн ч 2020 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас төсөл хоёр жил зогссон. 2023 онтой золгоод нэг ч төсөл эхлүүлж чадаагүй байтал зээлийн үндсэн төлбөрийн төлөх хугацаа эхэлсэн тул зээлийн ерөнхий хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй бол төсөл үргэлжлэх боломжгүй болсон. Иймд бид энэтхэгийн талтай зургаан сарын турш яриа, хэлэлцээ хийж, төслийн санхүүжилтыг байгууламж нэг бүрээр EPC-1, 2, 3, 4 зэрэг явуулах, хугацаа тулсан төлбөрийг 7 жилээр хойшлуулж, 2030 он хүртэл сунгаж чадсан" хэмээн хариулж байсан.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 32 гишүүнээс 19 нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа,“Эрчим хүч-3” буюу “Багануур-Чойр чиглэлийн 188км 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөх төсөл” нь Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого,  Шинэ сэргэлтийн бодлого болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, эрчим хүчний өндөр ач холбогдолтойг онцлоод Засгийн газрын зүгээс тус төслийн зээлийн хэлэлцээрийг Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийж,  Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг дурдлаа. 
Төслийг Дэлхийн банкны 47.0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд тус зээл нь СОФР буюу баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.44 хувийн нэмэгдэлтэй хувьсах хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 25 жилийн хугацаанд эргэн төлөлт хийх нөхцөлтэй байна. Зээлийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 24.3-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д дамжуулан зээлдүүлэхээр төлөвлөсөн гэв.
Уг төслийг хэрэгжүүлснээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлж, Багануур, Чойр дэд станцуудын өргөтгөн, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдахаас гадна өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг саадгүй хангах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Үргэлжлүүлэн энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл танилцуулсан бөгөөд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэн гэдгийг онцолсон.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийслэлрүү чиглүүлэх нь чухал гээд Улаанбаатар-Багануурыг холбосон хос шугамын шийдлийг энэ хүрээнд хамааруулж болох талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Дэлхийн банкнаас олгож буй урт хугацаатай, хүү багатай, хөнгөлөлттэй нөхцөлтэй хөгжлийн зээл авахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид зээлийн ашиглалтыг сайжруулах хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй 90 орчим төслүүдэд Сангийн яам дахин дүн шинжилгээ хийж, хугацаа уртассан, зээлийн үр ашиг, ач холбогдол нь буурсан төслүүдээ хүчингүй болгох чиглэлд ажиллах, Улсын Их Хуралд энэ талаар танилцуулга хийх шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат зээлийн хүүгийн төлбөр, хугацааны талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар монголын эрчим хүчний угсралтын үндэсний компаниуд чадавхтай болсон ч хөрөнгийн баталгаа, ажиллах үзүүлэлтэд нь нийцдэггүйгээс олон улсын төсөл хөтөлбөр, санхүүжилтийн банкны тендерт орж чаддаггүй. Иймд төсөвт өртөг багатай, үндэсний компаниудаа дэмжсэн бодлогыг хэзээ хэрэгжүүлж эхлэхийг салбарын яамнаас тодруулж байлаа.
Ингээд Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 32 гишүүнээс 20 нь дэмжлээ хэмээн Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top