Тусгай субьект болох цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газрынхны үйлдэж буй гэмт хэргийг шалгах Тахарын албыг Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулахаар болжээ. Өчигдөр төрийн ордонд болсон “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг хийсэн байна.
О.Алтангэрэл:
-Тусгай субьекттэй холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагааг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба эрхэлж байсныг өөрчилсөн. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн хууль бус үйлдлийг АТГ шалгаж тогтоох гэхчлэн хуулийн байгууллагууд бие биенээ сөөлжилт шалгадаг болсон. Энэ хугацаанд хууль хүчний байгууллагад шалгагдаж байгаа иргэд эрүүдэн шүүгдсэнээс эрүүл мэнд, амь нас нь хохирсон харамсалтай тохиолдлууд олон гарсан ч үйлдэл нь тогтоогддоггүй, шүүхээр шийдвэрлэгдэж байгаа энэ төрлийн гэмт хэргийн тоо иргэдээс ирсэн гомдлоосоо хэд дахин бага байгаа байна. Энэ нь тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах мөрдөх албыг дахин өөрчлөн байгуулахаас аргагүйд хүргэж байна.
Цагдаагийн байгууллага цагдаагаа шалгахгүй, АТГ нь доторхоо шалгахгүй буюу мөрдөн шалгах байгууллагууд зөрүүлж шалгана гэсэн УЕП-ын газраас гаргасан журам бий. Энэ нь амьдрал дээр хэрэгжихэд асуудалтай тулгарч байна. Нэг үеийнхэн, өмнө нь хамт ажиллаж байсан хүмүүс нэгнээ шалгахад хүндрэлтэй байдаг. Статистик тоо баримт ч үүнийг харуулдаг" гэжээ.
Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлснээр эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх эрхийн зөрчлийн талаар 2020 онд 47, 2021 онд 27, 2022 онд 15, 2023 онд 60, 2024 онд 48 гомдол, мэдээлэл ирсэн байна.
Үүнээс 2023, 2024 оны нийт 108 гомдол, мэдээллийн 55 нь цагдаагийн байгууллагын алба хаагчтай, дөрөв нь прокурортой, гурав нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчтэй, нэг нь шүүгчтэй, 45 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчтай холбоотой байсан аж. Иймээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй байж болзошгүй 34 гомдлыг Авлигатай тэмцэх газарт, гурван гомдлыг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгах 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд нийт гомдол, мэдээлэлтэй харьцуулахад шийдвэрлэлт хангалтгүй байгаа юм. Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор М.Чинбатын мэдээллээр улсын хэмжээнд 2017 оны сүүлийн хагасаас 2024 оны эхний есөн сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 603 мянган гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасны 478 нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийн талаар байжээ. Үүний 67 хувийг прокурор мөрдөгчийн саналыг үндэслэн, хэрэг нээхээс татгалзсан бол 150 гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Дээрх хугацаанд 196 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 83.2 хувийг хааж, 2.5 хувийг нэгтгэж, 18 хэрэг буюу 9.2 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн. 10 хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд шалгагдаж байгаа аж.
Гэвч, тусгай субьектынхны үйлдсэн гэмт хэргийг шалгах үүргийг Тахарын албанд шилжүүлж, Шүүхийн аюулгүй байдлын албаны дэргэд байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийн араас “Тахарын албыг байгуулахаар бол өмнө баталсан хууль, чиг үүргийнх нь дагуу гэрч, хохирогчийг хамгаалах ёстой” гэсэн байр суурийг хөндөж эхлээд байна. Одоогоор хуулийн төслийг боловсруулах шатанд яваа. Ирэх онд Засгийн газар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсний дараа энэ асуудал дахин хөндөгдөхөөр байна.
Сануулахад, 2012 онд АН эрх барьж байхдаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг боловсруулан УИХ-аар батлуулж, энэ чиг үүргийг хэрэгжүүлэхээр Тахарын албыг байгуулсан. Тахарын албаны үндсэн чиг үүрэг нь шүүхийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх явдал байв.
Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа Тахарын албыг татан буулгаж, түүний зарим чиг үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжүүлснээр гэрч, хохирогчийг хамгаалах тусгай субьект байхгүй болж, энэ хооронд олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирсон юм. Тахарын ерөнхий газрыг татан буулгах шийдвэрийг Засгийн газрын 2016 оны долдугаар сарын 28-нд гаргажээ.