Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Төрийн департамент хооронд байгуулсан Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь манай улсад 2020 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн явц, үр дүн, дараагийн шатны зорилтыг хэлэлцэх 4 дэх удаагийн уулзалт өчигдөр ГХЯ-нд боллоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл:
-Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ХЗДХЯ, ХНХЯ дөрвөн жилийн өмнө АНУ-ын Төрийн департаменттэй харилцан гарын үсэг зурснаар “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл хэрэгжиж байна. Энэхүү төслийн гол хэрэгжүүлэгч нь Азийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага юм. Монгол Улсын Засгийн газар, ялангуяа хуулиар чиг үүрэг хүлээсэн яам агентлагууд өөрсдийн салбарт тулгамдаж буй асуудлаар санал дэвшүүлэх, хамтран төлөвлөх байдлаар уг төсөлд оролцож ирсэн юм. Үүний зэрэгцээ төслийн зорилгод үйл ажиллагаа нь нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Энэхүү төслийн үр дүнг жил бүр тогтож хэлэлцэж ирсэн. Энэ жилийн хувьд төслийн хугацааг дахин нэг жилээр сунгаж, төсвийг тодорхой хэмжээгээр нэмээд буй. Тэгэхээр жилийн хугацаанд ажил үргэлжлүүлэх болоод байна.
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн захирал Б.Цогбаяр:
-Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллага нь уг төслийг хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжсэнээр тодорхой үр дүн гарсан. Тухайлбал, ЕБС-иуд дахь клубийн гишүүд өөрсдийгөө болоод үе тэнгийнхнийгээ хүн худалдаалах гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ гэсэн арга зүйд суралцсан. Одоогийн байдлаар 29 клуб нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлээд байна. Мөн гэрээр айлчлагч сайн дурын аргачлалыг ашиглан, эрсдэлт бүлгийн өрхүүдэд мэдээлэл түгээх ажлыг явууллаа. Төсөлд хамрагдсан 220 гэрээр айлчлагч 1200 гаруй холбон зуучлах үйлчилгээ үзүүлсэн байна.
ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын дарга, дэд хурандаа Д.Будзаан:
-Хүүхдийн эрх цахим орчинд зөрчигдөх, үе тэнгийнхэнд дээрхэлтэд өртөх, уруу татагдах, гэмт хэргийн хохирогч болох явдал цөөнгүй тохиолдож байна. Гэтэл цахим орчны халдлагаас хамгаалах үүрэгтэй эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид нь өөрсдөө энэ талын мэдлэг тааруу байх нь олонтаа. Иймд хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр ЕБС-д сургалт явуулах, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход цагдаагийн байгууллага ажиллаж байна гэв.
“Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах” төсөл нь Монгол Улсад хүн худалдаалах, тэр дундаа хүүхдийг бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн зорилгоор худалдаалахтай тэмцэх чиглэлээр төрийн болон ТББ-ын чадавхыг бэхжүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилготой.