Хөвсгөл аймагт бяслагний үйлдвэр барихад 20 тэрбум төгрөг төсөвлөсөн асуудал төсвийн төсөлтэй зэрэг дуулиан тарьсан. Бараг онигоо доо. Эцэст нь энэ хэргийн эзэн холбогдогч өөрөө гарч ирэв. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн лайв хийж, "Хөвсгөл аймгийн бүх сумдад бяслагны үйлдвэр байгуулж өгнө. Аль эрт барьчих байсан юмыг хоёр гурван жил төсвийг нь хуваагаад удаашруулж байна" хэмээн загнав. Жилдээ 20 тэрбумыг тавьж байна гэхээр 2-3 жилд хэдэн тэрбумыг хуссан байх вэ? Хөвсгөлийнхөн аягүй бол өөрсдөө мэдээгүй явж байгаа.
Тэгээд хамгийн гол нь Хөвсгөл аймгийн 24 суманд 24 ширхэг бяслагны үйлдвэр барьж яг яах гэж байгаа юм, хэн тэрийг нь худалдаж авах юм? Тэгээд тэрийг нь яагаад заавал төсвийн мөнгөөр хийх ёстой гэж. Ц.Даваасүрэн гэдэг хүний зөнөглөл, тэнэгрэлийн төлөөсийг яахаараа татвар төлөгчид төлөх ёстой юм бэ? Бас болоогүй "экспортын бяслаг" гэчихжээ. Хүсвэл өөрөө үйлдвэрээ бариад, бяслагаа үйлдвэрлээд экспортод гаргаж болно шүү дээ. Насаараа л төрөөс тэжээлгэлээ.
Түүнээс илүү ноцтой нэг зүйл нь УИХ дахь МАН-ын бүлэг дээр ярьсан яриа. Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн хурал даар "600 саяын төсвийн боломж байна, тойргийн гишүүддээ хувааж өгье" гэсэн байна. Тэгэхэд Ц.Даваасүрэн гишүүн "Тойргийн гишүүдээс гадна жагсаалтаар орж ирсэн гишүүд байна. Хоёр туслахтай байх боломж байна, төсөв дээр чинь байгаа юм билээ шүү дээ" гэжээ. УИХ-ын гишүүний туслахын цалин 2,5 сая төгрөг гэж үзвэл жилийн 30 саяын төсөв нэмж өгье гэсэн санаа л даа.
Иймэрхүү маягаар гишүүдийг авилгадаж байна, саналыг нь худалдаж авч байна, үнэхээр ой гутаж байна гэдэг зүйлийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин телевизээр ярьсан. Угаасаа "10 хувийн Даваасүрэн" гэж алдартай л даа. Эхлээд өөрөө яаж авилга авах тухай боддог байсан бол одоо давраад бусдыгаа авилгадах тухай ярьж байна. Энэ чинь УИХ-ын гишүүний бүрэн эрх, хууль тогтоох үйл ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлөх үйлдэл мөн биз дээ.
Энэ ярилцлагынх нь араас "төрийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд санаатайгаар халдсан" гэдэг үндэслэлээр гомдол гаргаад, цагдаа шалгаад явж байна. Гомдол гаргагч нь мэдээж Б.Жавхлан, Ц.Даваасүрэн хоёрын нэг байх л даа. Гэхдээ төрийн байгууллага гэдэг нь яг ямар байгууллага вэ? Сангийн яам уу, Төсвийн байнгын хороо юу? Тийм бол энэ хоёр байгууллагын нэр хүндийг ямар хуулиар хамгаалдаг вэ? гэх мэтчилэн...
Монгол Улсад хуулиар хамгаалагддаг хоёр төрлийн "нэр хүнд" байна. Нэгдүгээрт, хувь хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаална аа. Хоёрдугаарт, хуулийн этгээд, бизнесийн байгууллагын нэр хүндийг бас хуулиар хамгаална аа. Түүнээс биш төрийн байгуулллагын нэр хүнд гэдэг ойлголт байхгүй ээ, түүнийг хуулиар хамгаалах тухай зохицуулалт бас байхгүй ээ.
Гэтэл УИХ, Засгийн газрын гишүүн хүмүүс ийм зүйл яриад, хуулиа зөрчөөд, завшаад, цагдаагийн алба хаагчдыг дарамтлаад, нөгөөдүүл нь дарамтанд ороод ажиллагаа явуулж байна гэдэг бол жинхэнээсээ гутамшиг. Нөгөө Л.Оюун-Эрдэнэ сайдын ярих дуртай "системийн дампуурал". Ийм ёс зүйтэй, ийм дампуурсан парламент, Засгийн газар байж болохгүй. Ядаж үүнийх нь төлөө энэ хоёр хүнийг парламент, Засгийн газраас зайлуулах ёстой.
Б.ЗАЯА