Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд энэ сарын 28-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, УИХ-ын гишүүнээр сонгогдохын зэрэгцээ салбарын сайдаар дахин томилогдсонд баяр хүргэлээ.
Өнөө цагийн дипломат эмэгтэйчүүдийн төлөөлөл бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, феминист гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр бодитой ажлууд хийж, нийгэмд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, дэлхийн тавцанд монгол эмэгтэйчүүдийнхээ дүү хоолойг хүргэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, манлайлан оролцож байгааг сайшаан дэмжиж байдгаа ахмад дипломатууд онцлов. Тухайлбал, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулган зэрэг дэлхийн нийтийн анхаарлыг татсан томоохон арга хэмжээг санаачлан эх орондоо амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлсэн юм.
Эмэгтэйчүүдийн дипломат клуб нь үйл ажиллагаагаа явуулаад 26 жил болж байгаа бөгөөд цаашид зохион байгуулах, хийж хэрэгжүүлэх ажлуудаа энэ үеэр Гадаад харилцааны сайдад танилцуулж, санал бодлоо солилцлоо. Элчин сайдын яамдтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг болон НҮБ-аас баталсан дэлхийн эмэгтэй дипломатчдын өдрийг үр бүтээлтэй зохион байгуулах талаар ярилцав.
Сайд Б.Батцэцэг тус клубийн үйл ажиллагааг тогтмол идэвхтэй эрхэлж, үйл ажиллагаагаар нь дамжуулан нийгэмд сайн сайхныг түгээхэд, хичээл зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад дипломатууддаа талархаж байгаагаа илэрхийллээ.