УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өчигдөр /2024.08.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн М.Нарантуяад холбогдох гомдлыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяаг УИХ-ын гишүүнд хуулиар хориглосон ашгийн төлөө сурталчилгаа хийсэн. Өмнө анхаархуулсан боловч уг үйлдлээ зогсоогоогүй учир ёс зүйн ариуцлага тооцуулахаар Ёс зүйн байнгын хороонд хүсэлт гаргасан.
Албан бичигт "2024 оны наймдугаар 18-ны өдөр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан. Энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Түүнчлэн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш удаа дараа шууд дамжуулалт хийн бараа сурталчилсан.
Мөн УИХ-ын гишүүн албаны болон хувийн журмаар гадаад улс руу явахдаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-д даргад мэдэгдэнэ гэдэг журмыг зөрчиж, ямар нэгэн хүсэлт гаргалгүйгээр БНХАУ-д зорчиж, олон нийтийн сүлжээн дэх хаягаар сурталчилгаа явуулсан. Улмаар наймдугаар сарын 16, 19-ний өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй" зэргийг дурдсан байдаг.
Энэ дагуу Ёс зүй, дэгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс гишүүн М.Нарантуяаг "ёс зүйн зөрчил гаргасан" гэж үзжээ. Ажлын хэсгийн хуралдааны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Байнгын хороонд танилцуулсан байна.
Гишүүн М.Нарантуяа гаргасан гаргасан үйлдэлдээ уучлал гүйж, дахин давтахгүй хэмээн амласан тул Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар гишүүн М.Нарантуяад сануулах арга хэмжээ авлаа.
Сэтгэгдэл (1)