Авлигатай тэмцэх газраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд танилцуулсан. Нээлттэй мэдээллээс үзэхэд нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 415 нэр дэвшигч байгаа нь нийт нэр дэвшиж буй 1,336 хүний 30 хувийг эзэлж байна.
100-999 сая төгрөгийн хөрөнгөтэй 651 нэр дэвшигч байгаа бол 100 саяас бага хөрөнгөтэй 269 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.
415 тэрбумтан дотор УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй нийт 44 парламентын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Ч.Номин, Б.Чойжилсүрэн, С.Амарсайхан, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Ц.Даваасүрэн, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Б.Батцэцэг, Г.Сайханбаяр нарын 14 сайд тэрбумтан болохоо АТГ-т мэдээлжээ.
МАН, АН-ын тэрбумтан нэр дэвшигчдийн ХОМ-т мэдүүлсэн нийт хөрөнгө 900 орчим тэрбум төгрөг
Эрх баригч намаас нэр дэвшиж буй 95 тэрбумтны хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан нийт хөрөнгө 500 орчим тэрбум төгрөг болж байгаа бол АН-ын 94 нэр дэвшигчийнх 400 орчим тэрбум төгрөгөөр тоологдож байна.
МАН-аас нэр дэвшигчдийн 75.4 хувь нь тэрбумтан
Хамгийн олон тэрбумтан нэр дэвшигчтэй намаар МАН нэрлэгдэж байна. МАН-аас нэр дэвшиж буй 126 хүний 95 нь тэрбумтнуудын эгнээнд бичигджээ. Энэ нь нийт дэр дэвшигчдийнх нь 75.4 хувийг эзэлж байна.
Эрх баригч намын араас АН 94 тэрбумтан нэр дэвшигчтэйгээр эрэмбэлэгдэж байна. Тэд нийт нэр дэвшигчдийнхээ 74.6 хувийг эзэлж байгаа аж.
23-82 тэрбумын хөрөнгөтэй эхний 10 нэр дэвшигчийг жагсаахад МАН-аас долоон нэр дэвшигч жагссан бол АН-ын хёр нэр дэвшигч 3 болон 10-т эрэмбэлэгджээ. Харин САИНН-ын нэр дэвшигч О.Баатархуяг 82 тэрбумын хөрөнгөөр жагсаалтыг тэргүүлж, Ч.Номин сайд удаалсан байна.
Харин 71 хүн нэр дэвшүүлсэн Ард Түмний Олонхын Засаглал Намын хоёр тэрбумтан нийт нэр дэвшигчдийнхээ 2.82 хувийг эзэлж байна.
Хүснэгт #1: Тэрбумтан нэр дэвшигчдийн эзлэх хувь нам тус бүрээр
Нам | Тэрбумтан | Нийт нэр дэвшигчид | Хувь |
---|---|---|---|
Монгол Ардын Нам | 95 | 126 | 75.40% |
Ардчилсан Нам | 94 | 126 | 74.60% |
Үндэсний эвсэл | 32 | 66 | 48.48% |
ХҮН нам | 50 | 122 | 40.98% |
Иргэний Хөдөлгөөний Нам | 45 | 124 | 36.29% |
Монголын Социол Демократ Нам | 2 | 6 | 33.33% |
Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШН/ | 28 | 90 | 31.11% |
Бие даан нэр дэвшигч | 10 | 42 | 23.81% |
Монголын Хүний Төлөө Нам | 6 | 42 | 14.29% |
Иргэний Зориг Ногоон Нам | 10 | 71 | 14.08% |
Үнэн ба Зөв Нам | 11 | 80 | 13.75% |
Бүгд Найрамдах Нам | 7 | 54 | 12.96% |
Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам | 7 | 57 | 12.28% |
Ард Түмний Хүч Нам | 6 | 60 | 10.00% |
Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам | 4 | 55 | 7.27% |
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам | 2 | 30 | 6.67% |
Эх Орон Нам | 2 | 43 | 4.65% |
Эрх чөлөөний эвсэл нам | 2 | 47 | 4.26% |
Ард Түмний Олонхийн Засаглал Нам | 2 | 71 | 2.82% |
Сэтгэгдэл (2)