Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгөөс эзэмшиж буй орон сууц, барилга байгууламжийн мэдээллийг онцлон хүргэж байна. Мэдээллийн эх сурвалж: Авилгатай тэмцэх газар
Соёлын сайд, Монгол Ардын Нам(МАН)-аас нэр дэвшиж буй Ч.Номин нийтдээ 17.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламж эзэмшдэгээрээ жагсаалтыг тэргүүлжээ. Нийтийн зориулалтын найман орон сууц, үйлчилгээний зориулалттай зургаан үл хөдлөх хөрөнгө, гурван авто зогсоол эзэмшдэг.
Түүний араас мөн МАН-аас нэр дэвшигч Д.Өнөрболор жагсаж байна. 2020-2024 оны парламентад шинэ гишүүнээр сонгогдсон түүний эзэмшдэг нийтийн орон сууцны зориулалтын найм, үйлчилгээний зориулалттай гурван үл хөдлөх хөрөнгө нь нийлээд 15.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. 2020 оны сонгуульд өрсөлдөх үедээ нийтийн орон сууцны зориулалтын 12, үйлчилгээний таван үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүүлж байжээ.
МАН-ын бүсгүйчүүдийн араас Эх Орон Нам(ЭОН)-аас нэр дэвшигч Б.Эрдэнэбат 11 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгөөрөө жагсав.
Нэр дэвшигчдийг эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлэхэд жагсаалтын эхний 30-д буй хүмүүсийн 15 буюу 50 хувь нь МАН-ын нэр дэвшигч, долоо нь Ардчилсан Нам(АН)-ын нэр дэвшигч, бие даагч хоёр, ХҮН намаас нэр дэвшигч нэг, ЭОН-аас нэр дэвшигч нэг, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам(ИОНН)-ын нэр дэвшигч нэг, Үнэн Ба Зөв Намын нэр дэвшигч нэг, Иргэний Хөдөлгөөний Намын нэр дэвшигч нэг, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч нэг байна.
Харин 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээс 321 нь ямар нэг үл хөдлөх эзэмшдэггүй гэж мэдүүлжээ. Тухайлбал МАН-аас нэр дэвшигч, Эрчим хүчний сайд, "Хурд Групп"-ээр овоглодог Б.Чойжилсүрэн, АН-аас нэр дэвшигч "Улаан бал" нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу, ИЗНН-аас нэр дэвшигч Нара буюу М.Нарантуяа нар өөрийнх нь нэр дээр ямар нэг үл хөдлөх байхгүй гэжээ.
Тэгвэл хамгийн олон орон сууцтай нь бие даан нэр дэвшигч Ц.Батаа байна. Тэрбээр 12 орон сууцтайгаа ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн Ч.Номин, Д.Өнөрболор нар тус бүр найман орон сууцтай бол АН-аас нэр дэвшигч Э.Тамир, Шинэ нэгдсэн эвслээс нэр дэвшигч Ц.Гантулга, Л.Өнөрбаяр, ИХН-ын нэр дэвшигч А.Уранчимэг нар зургаан орон сууцтай байна.