x

Яндан, жорлон хоёроо ямх ямхаар нь устгая!

Яндан, нүхэн жорлон хоёр Улаанбаатарын гэр хорооллын бэлгэ тэмдэг юм. Гэр хорооллын айлууд яндантай, нүхэн жорлонтой, энэ хоёр манайд хэзээ ч бие биенээсээ салангид байсангүй. Нэг ёсондоо хөгжил дорой, хоцрогдсон ядуу хоосныг нь гэрчлэх бэлгэ тэмдэг болчихжээ

Нэгэн цагт яндантай болоод монголчууд нэг алхам урагшилсан юм. Хичнээн ч жил тулганд галаа түлж, утаа тортогт идүүлж, улаан нүдтэй явсан юм. Яндантай болж гэртээ нулимсаа гоожуулахгүй сууж, утаагаа гэртээ биш шууд гадагшаа гаргаж баяр хөөр болж байв. “Тулганд гал түлэхээр утаанд нь нүд хорсоно гэж жигтэйхэн. Нүдээ дараад доошоо хараад л хэвтээд байдагсан” гэж хөгшин ээж маань хуучилдагсан. Тэр цагаас хойш бараг зуун жил болжээ. Гэтэл одоо яндан, нүхэн жорлон хоёр ядуугийн туйл, асуудлын хамгийн том саад болж байна. Арга ч гүй биз, Улаанбаатарын 400 гаруй мянган өрхийн 50 хувь нь гэр хороололд гал түлж амьдарч, нүхэн жорлон хэрэглэж, нийтээрээ нэгэн зэрэг галлаж байхад асуудал үүсэх нь зүйн хэрэг. Яндангийн утаа агаар бохирдуулж, нүхэн жорлон хөрсөнд нэвчиж, асуудал багаасаа томорсоор байхад шийдэл алга. Агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэж тэрбумаар мөнгө зардаг ч яндан, нүхэн жорлонгийн тоо нэмэгдсээр байгаа нь ямар нэг ажил хийхгүй байна л гэсэн үг. Хий хоосон яриа, хоосон төлөвлөгөөнд мөнгө үрээд байгаа хэрэг. Ер нь янданг багасгая, нүхэн жорлонг цөөлье гэж хэн ч бодоогүй, яаж мөнгө хийе гэж бүгд зүтгэцгээж байгаа нь өнөөдрийн үр дүнгээс харагдаж байна. Юуны үр дүн гэж үү, дэмий мөнгө цацсаны үр дүн юм даа, энэ утаа, нүхэн жорлон хоёр.

Манай сонин аль 2000-аад оны үеэр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар асуудал дэвшүүлэн нийтлэл бичиж байсан. Хориод жилийн өмнө биднийг хүмүүс шоолон инээлдэж байсансан. Яаж ингэж бичдэг байна аа, яндангүй, нүхэн жорлонгүй яаж амьдар гээв… гээд буруутгаж байсансан. Тэглээ гээд энэ сэдвийг хаялгүй үе үе бичсээр, сануулсаар л байв. Тэр үеэс хойш асуудал уул овоо шиг томорч, одоо хүн бүр янданг цөөлөх, нүхэн жорлонг багасгах талаар ярьдаг болсон нь олзуурхмаар.

200 гаруй мянган айл нэгэн зэрэг галлахаар агаарт утаан хөшиг тогтож, утаанаас үүдэлтэй элдэв өвчинд нийслэлчүүд нэрвэгдэж байна. Агаарын бохирдлын 60 гаруй хувь нь шууд гэр хорооллын яндангаас гарч байгаа утаанаас үүдэлтэй. Хамгийн сүүлд, Хавдар судлалын төвийн дарга “Агаарын бохирдлоос үүдэлтэй элэгний хорт хавдар зөвхөн монголчуудад илэрсэн” гэж зарласан нь хорт хавдраар жилд дөрвөн мянган хүнээ алддаг монголчуудад үнэхээр түгшүүр төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвдөх дахин нэг шинэ шалтгаан нэмэгдэж байна гэсэн үг.

Усны газраас гаргасан судалгаанаас харахад Улаанбаатарын нэг худгийг тойроод 40 нүхэн жорлон байна. Худгийн усыг хэрэглэж байгаа хүмүүс тэгэхээр ямархуу ус ууж байгаа нь ойлгомжтой. Эхнээсээ худгийн уснаас гэдэсний савханцар илэрсэн талаар мэдээлсэн. Сэлбэ голын уснаас ч гэдэсний савханцар илэрсэн нь манайд хөрсний бохирдол ямархуу түвшинд байгаагийн илрэл юм. Энэ гэдэсний савханцар гээд гоё нэрлээд байгаа юм нь шууд утгаараа бидний өтгөн ялагдсыг л хэлдэг юм.

Тэгэхлээр бидний худаг ус ялагдастайгаа холилдсон л гэсэн үг юм.

Улаанбаатарт жилд дунджаар 15-16 мянган орон сууц ашиглалтад ордог тооцоо байдаг. 2022 онд бүр 22 мянган орон сууц шинээр баригджээ. Орон сууцны байр баригдаж, айлууд нүүж орсоор байхад яагаад гэр хороолол улам тэлээд байгаа нь гайхалтай. Гэр хороолол тэлэхийн хэрээр яндан, нүхэн жорлон нэмэгдэж, үүнийг дагаад утаа өтгөрч, хөрсний бохирдол хүрээгээ тэлсээр.

Одоо тэгвэл яах вэ. Тэрбум тэрбумаар мөнгө үрсэн ч агаарын бохирдол улам нэмэгдсээр байх нь ойлгомжтой нөхцөл нэгэнт бий болжээ. Утааг багасгахын тулд гэр хорооллын янданг цөөлөх талаар хэн ч дуугарахгүй байна. Харин ч түлшийг нь өндөр үнээр гадаадаас захиалж авчрах талаар ам уралдан ярьж, шийдвэр гаргууллаа. Нүхэн жорлонг цөөлөхийн тулд орон сууцжуулах бодлогоо идэвхжүүлэх тухай яагаад дарга нар ярихгүй байна вэ. Идэж уудаг мөнгө нь жинхэнэ асуудалдаа тусгагдана гэхээс үхтлээ айж байна уу.

Тэгвэл энэ утаа  ялгадаснаасаа салах нэг санаа байна. Гэр хороолол, орон сууцны хороолол хоёрын зааг буюу яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож, түүнийгээ 0 (тэг) цэг гэж тэмдэглэе. Ингэж тэмдэглээд гэр хороололтойгоо ноцолд. Нэг жилд төдөн км газарт гэр хорооллыг чөлөөлж, иргэдээ орон сууцжуулна гэж зарлаад түүнийхээ төлөө зүтгэхэд үр дүн гарч л таарна. Чөлөөлсөн тэр газраа харин дахин яндан байлгахгүйгээр зохион байгуулах хэрэгтэй. Орон сууц барьж болно, цэцэрлэгжүүлсэн ч яахав. Эсвэл чөлөөлсөн газраа хот өөрийн эзэмшилд бүртгэн, цэнхэр тэмдэглэгээ тавиад хамгаалаад бай. Мэдээж, гэр хорооллын гүнээс бишгүй олон айл орон сууцанд орж байгаа. Тэр айл бүрийн газрыг хот худалдаж аваад, дахин яндан зоож, нүхэн жорлон ухахгүйгээр хамгаалах хэрэгтэй. Зөвхөн үүнд зориулж төсөв мөнгө суулгаж байж л янданг багасгана.

Нүхэн жорлон цөөрнө. Өм цөм газар чөлөөлөгдөөд ирнэ. Ирээдүйн 20 жилд ийм маягаар ажиллабал гэр хороолол их л багасна даа. Ингэж л яндан, нүхэн жорлон хоёроосоо салмаар байна. Хэдий хүртэл бид утаандаа угаартаж, усандаа хордож суух вэ. Хэдий хүртэл иргэд маань нүүрс түлж, нүхэн жорлон хэрэглэж, ядруу зүдрүү амьдрах вэ.

Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн дунд явуулсан түүвэр судалгаагаар иргэдийн 83 хувь нь газраа орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэн ч тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг. Гэр хорооллын айлууд дуртайдаа гал түлж, агаар бохирдуулдаггүй. Хар хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд галлах л ёстой. Хашаа хатгаж, гал түлж байгаа бол нүхэн жорлон ухаж л таарна.

Тиймээс АН нь байна уу, МАН нь ч байна уу хамаагүй, яндан, нүхэн жорлонг цөөлөх, бүр алга болгох талаар дээрх аргаар ажилламаар байна. Гучин жил та нарыг харлаа, үр дүн гарсангүй. Дахин сануулахад, яндантай болон яндангүй бүс хоёрын хил хязгаарыг тогтоож 0 цэг тогтоон, гэр хорооллын бүс рүүгээ ажилла. Жил бүр төдөн айлын орон сууцжуулж, тэдэн яндан, нүхэн жорлонг алга болголоо гэж зарлаж бай. Энэ суларсан орон зайндаа дахин яндан, жорлон бий болгохгүй хот өөрөө худалдан авч, тамгалаад бай. Нийслэлийн иргэд ч хариуцлагатай байх хэрэгтэй. Орон сууцанд орж байгаа айл газраа заавал хотод худалдах, хот түүнийг нь зах зээлийн ханшаар авч байх ийм зарчмыг бүр хуульчлаад өгсөн ч яадаг юм. Ингэж байж л бид өвлийн их утаа, зуны их өмхийгөөсөө сална. Нийтээрээ цэвэр хотод амьдрах боломж бүрдэнэ.

Удаан байсан ч хамаагүй ээ, ямартаа ч яндан, нүхэн шорлон хоёроос Улаанбаатар хот салмаар байна. Сажилж явбал хүрдэг, санаж явбал бүтдэг гэж ард түмэн маань дэмий ч нэг хэлээгүй байх.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top