Гуравхан настай хүү ухаангүй болтол зодуулж, хүүхдүүд сураггүй алга болж, хүүхдийг сургуульд нь орон хутгалж, хүүхдийг дотуур байрнаас нь гарган буудаж, нийгмийн сүлжээгээр охидыг заналхийлэн сүрдүүлж, товчхондоо Монголын ирээдүй айдас, аймшиг дунд байна. Хүүхдийн эрхийг хүн бүхэн хамгаалах ёстой. Гэтэл хэдэн нийгмийн зүтгэлтэн, иргэний нийгмийн байгууллага, төсөв нь хүрэлцээгүй цөөхөн асрамжийн газар л бор зүрхээрээ зүтгэж байна. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажлын үр дүн далайц бүдгэрч, хүүхдийн хүчирхийлэл хяналтаас бараг гарч, нийтийг бухимдуулсан хэргүүд ойр ойрхон дуулдах боллоо. Хүүхдийн эрхийг хамгаалж, газар дээр нь ажиллаж байгаа анхан шатны нэгжүүдэд мөнгө очихгүй, кейс баримтжуулсан зардал хуваарилагдахгүй болсныг шүүмжилж эхэллээ. Үнэндээ хүүхэд хамгааллын чиглэлд төрийн ажил нэр төдий болон хувирчээ.
100 жилийн түүхтэй хүүхдийн байгууллагын ажил унтарчээ
“Далан давхрын Чингэлтэй явах нарийн замаар харанхуй шөнө явж байтал бяцхан хүү гар өргөсөн юм. Хажууд нь ээж нь тасраад уначихсан. Хүү такси олж ээжийгээ гэртээ аваачих гэж зогсож байгаа нь тэр. Машинаа зогсоогоод яваад очтол тасарч хэвтсэн ээж нь гэнэт сэрээд бяцхан хүүг шээс, зулбасга, новш... байж болох бүх үгээр хараасан. Өөр нэг согтуу авгай гараад ирсэн. Тэгээд найзыгаа бос гэж загнаад энэний уг нь төрсөн өдөр нь ухаантай юм шүү дээ гэж бяцхан хүү рүү зааж билээ. Аль алиныг нь суулгаад гэрт нь очтол өөр нэгэн аймшигт хүчирхийлэл угтсан”. Энэ бол “Лантуун дохио” ТББ-ын Ч.Ганжавхлан гэж залуугийн хэдхэн өдрийн өмнө бичсэн тэмдэглэлийн хэсэг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Харин тэд маань хүчирхийлэлгүй, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна. Гэтэл соён гэгээрүүлэх ажил эрчимжихгүй, үндсэн чиг үүргийн агентлагийн үйл ажиллагаа үр дүнгүй, мэргэжил арга зүйгээр анхан шатыг хангах ажил хөрсөндөө буухгүй, нийгмийн ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудалд огт анхаарлаа хандуулахгүй болж. Эцэст нь нийгмийн ажилтан хийх хүн олдохоо больж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний кейсийн зардал ч хамтарсан багт олдохоо больж гэр бүл, хүүхэд залуучуудын салбарын үйл ажиллагаа доголдон, 100 жилийн түүхтэй хүүхдийн салбар уналтад орчихоод байна. Хажууд нь гурван настай хүүхэд ухаангүй болтлоо зодуулж байхад дуудлага өгдөггүй нийгмийг бүтээлцсэн хэн бүхэнд хариуцлага харин алга байна.
Цог нь унтарч, сав нь дундрав
Монголын төрд дарцаг тугаа мандуулж байгаа хэдэн мянган дарга нарын дотор хүүхдийн эрхийн төлөө чөтгөртэй ч нөгчиж, бурхантай ч дайтаж чадах дарга, байгууллага байхгүй байгаа нь эмгэнэлтэй. Нийтийг айлгасан аймшигт хэргүүдийн дараа нийгмийн бухимдал төр засаг руу чиглэж, энэ бүрийд хэд гурваараа жагсах, лоозон өргөж санаа бодлоо хэлэхээс хэтрэхгүй байна. Дээр хэлсэнчлэн, хүүхдийн эрх хамгааллын төлөө улаан гараараа халуун сэдэв рүү толгойгоо дүрэх удирдлагуудгүй болохоор ажил хариуцсан газрын ажил нь мөлгөр, арга нь явцуу, ерөнхийдөө Монголд хүүхдийн эрх хариуцах төрийн байгууллагагүй гэж харагдтал цог нь унтарч, сав нь дундарчээ. Одоо арга ажиллагаа санхүү төсөв муутай хэдэн хамтарсан баг, таван цаасаа өмнөө ч нэг ардаа ч нэг барьж зүтгэсэн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орон нутгийн салбарын хэдэн мэргэжилтэн, хүүхдийн эрхийн төлөөх ТББ-ууд, нийгмийн зүтгэлтнүүд л ажиллаж байна. Одоо ирээдүйн том дарга нарын гишгэх дамжаа нь хүүхдийн байгууллага байсаар ирсэн хуучин үзэл хандлагаа таягдан хаяхгүйгээр хэдий болтол Оюутны холбоо, Залуучуудын холбоогоор дамжсан нөхдийн даргад бэлтгэх дамжааг хүүхдийн байгууллагаар толгойгуулах вэ. Ажлын үр дүн асуухаар 108 утасны дуудлагын тоо хэлж, арга ажиллагаа чинь яагаад сайжрахгүй байна гэхээр төсөв байхгүй гэдэг амны таглаагаа орхиод зөрчил бүхнийг цээжээрээ хааж, толгойгоороо хариуцах нөлөөтэй, зүтгэлтэй ажиллагаа энэ салбарт дутагдаж байна.
Хүүхдийн байгууллага дарга бэлтгэх дамжаа биш
Хууль эрх зүйн орчныг сайжруулах нь Засгийн газар, УИХ-ын ажил. Гэхдээ үүнд хүүхдийн эрхийг хамгаалах төв байгууллага хүчтэй нөлөөлөх ёстой. Хүүхдийн эрх хаана зөрчигдөж байна тэнд цөөн хэдэн нийгмийн зүтгэлтэн ТББ-ынхан дуугарч байна. Дунд нь гол ажил хариуцсан газрын дарга юу ярьж, яаж тэмцэж байгааг та харсан уу. Нүд халтирам хүчирхийлэл, зүрх зүсэм явдлуудтай халуун гараараа тулж яваа хэдэн мэргэжилтнээ хэвлэлийн өмнө түлхчихээд нэр бүтэн, өнгө сайхан яваа байгууллагатай энэ Засгийн газар хариуцлага тооцохгүй юм уу, ажлыг нь сайжруулахгүй юм уу. Нэг дарга удаан байх муу, муу дарга удаан байх бүр муу. Гэтэл хүүхэд, гэр бүл залуучуудын асуудал хариуцсан төрийн төв байгууллага нь даргагүй, хариуцсан яам нь сайдгүй удлаа. Ерөөсөө энэ асуудал ингээд төрийн түвшинд эзэнгүйдэв. Хүүхдийн эрхийн ноцтой зөрчил дээр нүүрээрээ гараад ярьдаггүй юм гэхэд орон нутгийн салбаруудаа чадавхжуулах, төсөв мөнгийг нь нэмэгдүүлэхийн төлөө энэ байгууллага, удирдлага өдөр бүр талбай дээр орилж байсан ч багадахаар өдрүүдийг бид туулж байна. Сумдад Засаг дарга нараар ахлуулсан хамтарсан багууд, аймгуудад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, тэдний ажиллуулдаг хүүхдийн ордон, хүүхэд хамгааллын байруудыг төрд хэн анхаарч дээшээ дуу хоолой өргөж байна. Бодит байдал дээр тэнд олон мянган хүүхдийг хамгаалж, хөгжүүлэхэд чиглэсэн үндсэн ажлууд явагддаг. Тэр хүмүүс төсөвтэй, төсөвгүй бор зүрхээрээ зүтгэж, дугуйлан секцүүдээ тасалдуулахгүй, хүүхдийн ордноо хүүхдийн чигээр нь авч яваа. Өдөр, шөнөгүй зүтгэсэн нийгмийн ажлын дунд нэргүй үлдэж хүүхдийн ордон хүүхэд хамгаалах байруудаа тохижууллаа гээд жилийн эцэст тавилга авсан гэж загнуулсаар яваа энэ хүмүүсийн үгийг хэн хамгаалж байна. Бүх л аймаг орон нутагт хүүхдийн төлөөх ажилд зүрх сэтгэлээ өгсөн залуучууд зүтгэсээр. Энэ бүхний цаана хүүхдийн эрх хамгааллын нийгмийн бэрх ажлууд явагдаж байдгийг төрийн түвшинд төлөөлж, ярьж хамгаалах төв байгууллага нь галаас айсан байдалтай бээвэгнэн сууж таарахгүй юм.
Хариуцлага ярих цаг болжээ
Хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийлэл дурдаад дуусахгүй боллоо. Бүгдийг яривал нийгмийн “гал асах” хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 9-12-р ангийн охидыг хүчээр сургуулийн бие засах газарт хувинд шээлгэж, жирэмсний тестээр шалган охидын үзлэг явуулсан мэдээлэл хүүхдийн эрхийг хамгаалах ёстой сургуульд хүртэл байдал ямар түвшинд байгааг харуулсан. Саяхан Барилгын коллежид хутга ханцуйлсан “араатан” 16-хан настай суралцагчийг хутгалж хөнөөлөө. Он гарсаар нийслэлд жаахан охидтой чатаар танилцаж, уруу татан хүчирхийлэхийг завдсан хоёр ч хэрэг шүүхээр шийдэгдлээ. Олдож тогтоогдоогүй нууцлагдсан хэдэн зуун тохиолдол байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүүхэд 2021 онд 921 байсан бол 2022 онд 1540 болж, Гэмт хэргийн хэргийн хохирогч хүүхэд 2020 онд 1181 байсан бол 2021 онд 1365, 2022 онд 2014 болж өсөв. Гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхэд 2020 онд 516, 2021 онд 550 байсан бол 2022 онд 852 болж, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхэд 2020 онд 670, 2021 онд 683, 2022 онд 766 болжээ. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2021 онд 741 байсан бол 2022 онд 1258 болж бараг хоёр дахин өсөөд байна. Ийнхүү 100 жилийн түүхтэй Монголын хүүхдийн байгууллагын ажил унтарчээ. Гэхдээ үүний цаана өдөр бүр айдаст явдалтай нүүр тулж, гудамж бүхнээ судалж яваа ажилтнуудынх нь, нийгмийн зүтгэлтнүүдийн, хүүхдийн эрх хамгаалагчдын хүнд ажил бүдгэрэх ёсгүй. Харин үүнийг өдөр бүр ярьж хамгаалж, “гал атгаж” явах ёстой дарга удирдлагынх нь хариуцлага яригдах ёстой юм. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, ХЭҮК хамтарсан шалгалт явуулж, хариуцлага ярих цаг аль хэдийнэ болчихоод байна.
Авлигачны сейфэнд буй мөнгөнөөс бага хүүхэд хамгааллын зардал
Монгол Улсын хүн амын 37.6 хувийг 0-18 хүртэл насны хүүхэд эзэлж байгаагийн нийгмийн халамжийн зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхөд амьдарч байгаа хүүхдийн тоо 457 038 буюу хагас саяд дөхжээ. Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхэд 20724, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн хүүхэд 3755, асрамж халамжийн 31 төвд 1034 хүүхэд амьдарч байна. Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хамгаалалд зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 оноос л найман тэрбум болсон. Цаашид улам нэмэгдүүлэх шаардлагатай. Төсвөөс санхүүждэг хүүхдийн 37 байгууллагад нийт 31.5 тэрбум төгрөг, энэ дотор хүүхэд хамгааллын зардал нь 8.3 тэрбум төгрөг, эндээс Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар буюу үндсэн агентлаг дээрээ таван тэрбум төгрөг оногдож байгаа. Улсын хэмжээнд хүүхэд хамгааллын нийт зардал нэг авлигачны гэрийн сейфнээс гарч байгаа мөнгөнөөс бага байгааг зоригтой хэлж, зүрхтэй тэмцэх удирдагч, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үнэндээ алга.
Төрийн ажил нэр төдий болсныг залруулъя
Хүчирхийлэлд өртсөн, өртөх өндөр эрсдэлтэй хүүхдийн тоо нэмэгдэж, аймшигт хэргүүд олширсоор л байна. Гэтэл яагаад хүүхдийн эрхийг хүн бүр хамгаалах ёстой гэдэг сэтгэлгээг нийтийн тархинд суулгаж чадахгүй байна. Хүүхдийн эрх зөрчигдөхөөс хүн бүр урьдчилан сэргийлэгч “шүгэлдэгч” байх ёстой гэдэг чипийг суулгаж яагаад чадахгүй байна. Доошоо нөлөөлж нийгмийн сэтгэхүйг өөрчлөхгүй, дээшээ нөлөөлж хүүхэд хөгжил хамгааллын зардлыг ахиулахгүйгээр хүүхэд хамгааллын төрийн төв байгууллагын ажил сайнаар хэзээ ч дүгнэгдэхгүй. Хүн бүр хүүхэд хамгаалах сэтгэлгээг мөнгөөр үнэлж болохгүй ч улсын хэмжээнд хүүхэд хамгаалах мөнгө нь нэг авлигачны гэрийн нэгжлэгээс гардаг мөнгө, хэдэн үхэр ээмэгжүүлэх төсвөөс бага гээд бод доо. Харин ийм асуудлыг атгаад шийдүүлэх хүүхдийн эрхийн төлөө чөтгөртэй ч нөгчиж, бурхантай ч дайтаж чадах удирдлага, төрийн байгууллага Монголд алга. Бусад улс хөгжил ярьж, манай улс хулгай л ярьж байдаг болоод дунд нь хүүхэд хамгаалал төрийн түвшинд хол хаягджээ. Хүүхдийн байгууллага бол дарга бэлтгэх дамжаа, сонгуулийн идэвхтнүүд шагнал, салбарын сайд гарын хүнээ амраадаг газар биш. Даргагүй эзэнгүй хаяад мартдаг газар бүр биш ээ. Энэ ажлаа өөд нь татах талаар Төрийн албаны зөвлөл цаашлаад Монгол Улсын Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар анхаарлаа хандуулна уу!
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл