Түрүүч нь: Прокурор, цагдаад ажилладаг хүмүүсийн “майнд” их гоё, маш хурдан өөрчлөгддөг
Г.Эрдэнэбат:
-Цагдаа бол мэдээж гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Хуулиа бариулна, хуулийн шаардлага тавина. Тэрийг нь хөндлөнгийн хэн нэгэн хууль зүйн талаас нь хянах ёстой учраас prosecutor буюу прокурор ажилладаг. Гэтэл энэ хүн ч гэсэн нэгэнт эрүүгийн хэрэг гэдэг юмыг хариуцаж байгаа учраас тэрийгээ бүтээгдэхүүн болгохын төлөө зүтгэдэг. Тэрийг нь хязгаарлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангахын тулд шүүхийг эрх мэдэлтэй болгосон. Шүүхийг эрх мэдэлтэй болгохын тулд эрх мэдэлтнүүдээс нь салгаж тавьдаг. Хараат бус бай, шударга бай, түүгээр чинь шүүхийг үнэлнэ шүү гэчихээр шүүх нь хөдөлж өгдөггүй.
Яг үнэнийг хэлэхэд манай шүүх энэ байр суурь дээрээ байхыг маш их хичээж байгаа. Хагас дутуу ч гэсэн хараат бус байх ёстой, шударга ёсыг тогтоох ёстой, шийдвэрээ үндэслэлтэй гаргах ёстой гэдэг юманд хашигдчихсан. Чөлөөлдөг, томилдог албан тушаалтан гэдэг юм нь байхгүй, хоосон орон зай болчихсон учраас нөгөөдүүлээсээ айж өгдөггүй. Айх ёстой зүйл нь “Хууль зөрчвөл чи чөлөөгдөнө шүү” гэдэг Шүүхийн тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Сахилгын хороо. Тэрэндээ хүлэгдээд хойшоо суучихаад байдаг. Тийм ч учраас гүйцэтгэх эрх мэдлийн том албан тушаалтнууд шүүх рүү зогсоо зайгүй дайрч байна. Үгэнд орохгүй болохоор нь хувь хүнийг нь хүртэл шүүмжилж, “муухай шүүгч” гэж байгаад хэргээ шийдүүлж байна шүү дээ. Тэдний хүсэл зориг хаана очиж хангагдах вэ гэхээр шүүх яг прокурор, цагдаа шиг үгээр нь ажилладаг болсон цагт л хангагдана. Тотал нийгмийг удирдахын тулд шүүхийг нь л барьж авдаг.
Аз болоход, хэдийгээр бид өөрсдийн туршлагагүй ч гэсэн 1992 оноос хойш шүүхийг хараат бус болгох маш олон механизмыг хийчихсэн учраас ашгүй тэр нь ажиллаад, шүүх нь шударга бус байж чадахгүй. Эрх мэдэл нь байхгүй учраас хэргийг хаахгүй ч гэсэн “Үгүй, би ингэж шийдэж чадахгүй” гээд буцааж байна. Тийм ч учраас гүйцэтгэх эрх мэдлийн том албан тушаалтнууд шүүх рүү зогсоо зайгүй дайрч байна. Бүр улайрч байна шүү дээ. Арай нэг жаахан соёлтой, хуулийн засаглал тогтсон газарт бол гүйцэтгэх эрх мэдлийн албан тушаалтан “шүүх таалагдахгүй байна” гэж хэлснийхээ төлөө шууд огцрох ёстой. Хэлсэн, хийсэн мэдэгдэл болгон нь өөрсдийг нь огцруулах үндэслэл болох ёстой.