УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин, дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул болон шатрын баг тамирчдаа хүлээн авч уулзав.
Монголын баг тамирчид Грек Улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байрт шалгарсан амжилттайгаар эх орондоо иржээ. Мөн дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан байна. УИХ-ын дарга Г.Занданшатар дэлхийн оюуны их наадамд шилдгүүдтэй өрсөлдөж, монголчууд оюуны спортоор дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчиддаа, Монголын шатрын холбооны удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүсэв.
Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байсан юм. Мөн Румын Улсын Мамаиа хотод өнгөрсөн оны есдүгээр сард болсон Өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 өргөөс 8.5 оноо авч, нэг ч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болжээ.
Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарт Азийн шатрын холбооны Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ажиллахаар болсон бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү нэр хүндтэй албанд Монгол Улсаас анх удаагаа томилогдон ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэж, баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр "гэрэл цохиулсан" бас нэг сонирхолтой мэдээлэл нь шатарчид багаар ажиллаж сэтгэн бодох, нэг зорилгын төлөө нэгдэх ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэг шатар дээр багаараа гүйж тоглох “Нэг монгол-Нэг нүүдэл” багийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болов. Уг тэмцээнийг 2014 онд УИХ-ын дарга Г.Занданшатар анх санаачилжээ.