Байт харвааны заалны улсын аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн Эрдэнэт хотод болж, амжилттай өндөрлөлөө. Энэ удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаа орон нутагт зохион байгуулагдсан юм.
Ингэхдээ улс орон даяар шууд дамжуулж, олон улсын стандартад нийцүүлсэн, түүхэндээ хамгийн олон тамирчин цэц мэргэнээ сорьсон тэмцээн боллоо.
Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 300 гаруй тамирчин "Рекувр" болон "Компаунд" төрлөөр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдсөн юм. "Рекувр" төрөлд ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдсөн бол "Компаунд" төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар цэц мэргэнээ сорьж, шинээр спортын цолтнууд олноор төрөн гарсан чансаа өндөртэй тэмцээн боллоо гэж багш, дасгалжуулагчид, зохион байгуулагчид хэлж байв.