x

“ГАВЬЯАТ”-ЫН НЭЭНТЭГ

УИХ-ын туршлагатай гишүүн Сандагийн Бямбацогтын энэ пост нүд хужирламаар. Лайк явж өгч. Комент ч ялгаагүй. Ингэж олуулаа таалж дэмжсэнийг бодохул “Нүүрсний хулгай” гэх үзэгдэлтэй эн дүйцэхүйц амин чухал асуудал, сэдэв, үзэгдэл болчихсон юм биш үү?

"Төрийн одон медаль "Алдарт эх"-ийн одон шиг жинхэнэ эзнээ олдог байх хууль санаачилна" гэж гарчиглажээ. Түүний учирлан бичсэн нь:

  • Ингэхгүй бол төрийн одон медаль, шагналын нэр хүнд шалан дээр унаж гүйцлээ.
  • Эхийн одонгоос өөр шударга шагнал байхгүй боллоо гэж иргэд халаглаж байна.
  • Насаараа төрд зүтгэсэн хүнд олддоггүй хэрнээ нам дагасан хүмүүст зарим намынхан, гишүүд хормойлж аваачаад тарааж байна.
  • Эзнээ олоогүй шагнал авсан хүн ичсэндээ түүнийгээ энгэртээ зүүж чадахгүй авдартаа нуудаг болтол шагналын нэр хүнд шалдаа уналаа.
  • Тиймээс төрийн одон медаль олгох шалгуур өндөр, шударга байх хууль санаачилж батлуулах болно гэжээ.

Жил хагасын өмнө би ингэж бичиж сайтдаа тавьж байв. Түүндээ update хийгээд дахиж толилуулж байгаа маань энэ. Зурагжууллаа. Зурагны эзэд уучлаарай. Миний өмнөх бичвэр.

Тав дахь Ерөнхийлөгч маань Гиннесийн номд орох байх шүү. Богино хугацаанд олон мянган одон тэмдэг шагнал тарааснаараа. Манайхан хөөцөлдөөд тоо баримтыг нь бүрдүүлээд Гиннесийн номын редакцид өгчихөд бараг болчих юм биш үү? Гэм нь англи хэл рүү хөрвүүлээд нөгөө талд ойлгуулна гэдэг ёстой гачлантай. Ертөнцөд Монгол, Хойд Солонгост л коммунист утгаараа, бэлгэдлээрээ, гуншин, хэллэгээрээ оршиж байгаа одон медаль, шагналуудыг дэлхий дахинд ойлгуулна гэдэг хамгийн том нээнтэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, эсвэл Ардын уран зохиолч, соёлын (эсвэл урлагийн) гавьяат зүтгэлтэн, нэрт тэр тэр гээд угсруулахад л манайд тийм алдрыг хүртсэн хүн тоймгүй олон.

Хоёр Ерөнхийлөгч солигдохын үед шагналын хур, бүр шагналын аадар бороо ёстой цутгаж өглөө. Өгч байгаа нь ч, авч байгаа нь ч ханаж цадахаа мэдэхгүй. Шагналын хуртай зэрэгцээд ЕТГ-ын дарга, хариуцлагатны өрөөг шагналаа шат ахиулъя, эсвэл шагнуулъя гэсэн хүмүүсийн хөл дарж өгсөн сурагтай. Ордноор хэн холхиж явна, зөвхөн шагнал горьдогсод байв.

“Үе үеийн Ерөнхийлөгч нарын ганц чаддаг юм шагнал”, “Мөнхийн сэдэв” хэмээн ноён Х.Баттулга ярилцлага өгчихөөд яваад өгөв. Зөв л ярьж. Өмнөхүүд нь тийм байсан, түүнээс хайшаа ч зайлж чадахгүй, тэгээд л өгсөн, дэндүү их хуримтлагдсан учраас дундалсан гэх шахуу юм ярьсан даа. 

Энэ их ядууралтай, эдийн засгийн асуудлаа шийдэж чадаагүй үед гялтгар шар, өнгөт, социалист сүлдтэй элдэв эрээн тэмдгээр хуурч аргацаахыг бол ойлгож байнаа. Түүнийг авч зүүгээд улс нь цэцэглэдэг бол хөгжлийн углуурга нь ханасан байхсан. Эсвэл түүнийг авч зүүгээд бие нь эрүүлжээд, урт насалдаг бол Монгол орон энгэр заам нь даахгүй одон тэмдэгт эрүүл чийрэг ахмадуудаар хахаж байхсан. Даан ч тэгэхгүй нь гаслантай. 

Энэ мэт оршлыг азнаад “гавьяат”-аар энгэр цоолсон нэгэн ахмадын туулсан зовлонг хуваалцая. Нэрэлхүү атлаа одон тэмдэгт дуртай, гавьяат болгохгүй бол үхлээ гэсэн нөхдөд хэрэгтэй байж магад. “Гавьяат” болсон биш гай дагуулав гэгчээр санхүү-эдийн засгийн хувьд хөмрөх шахсан түүх.

Тэр “гавьяат” нөхөр маань дор хаяж 100 сая төгрөгөөр шатсан түүх ингэж эхэлнэ. Ковидоос хамаагүй өмнөх, ёстой дураараа дургиж найрлаж цэнгэж байх үед болсон явдал. 

Манай хүн “гавьяат” (салбарыг нь нэрлэхгүй, нэрлэчихвэл мэдчих хүн олон буй!) болжээ. Ордонд ном журмаар нь нэвтэрч ороод шагнуулаад гараад иржээ. Гавьяат болгуулах гэж тодорхойлсон байгууллагаас гадна, улс төр-бизнесийн хүрээнээс том лобби орсон байгаа юм. Ерөнхийлөгч ба ЕТГ-ыг бараг ховсдох шахуу юм болж байж тэр эрхэм цолонд хүрчээ.

Мэдээжийн ёслолууд: Ордны гадна ахан дүүс, үр хүүхэд, ач нар нь тосон авч амьд цэцгийн баглаа, гэрэл зураг. Тэндээсээ гэртээ ирж бяцхан ёслол. Тэр айл хэдэн өдөр архи айраг сөгнөөстэй, тавгийн идээтэй, хүмүүс холхиод, баярлаад л.

Тэгж тэгж үнийн судалгаа хийж, ийш тийшээ ярилцсаар “гавьяат”-ын найрын урилгаа тараалаа. Подхийсэн хэвлэлийн зардал гараад ирлээ. Нийслэлийн нэг томхон, бас нэр хүндтэй рестораныг сонгон авч захиалга өглөө. Аль ресторанд найрлах нь нэр хүнд, нэр төр, нэр нөлөө, алдрын хэрэг болдог тул сайн ресторанууд ханшаа өсгөнө. Төдөн цагийн түрээс ба үйлчилгээ, төдөн ширээ, нэг ширээнд төдөн хүн, захиалах хоол хош, ширээнд тавих архи дарс гээд өрнөж өгчээ. Хүү, охин, бэр, бизнесийн андууд нь хөөцөлдөөд л. 

Зочдын тоо 500 хүртэл, 200-300 бол хэвийн үзэгдэл хэмээн ресторан тооцно. Мань “гавьяат” 300 гаран хүн урилаа. Их донжтой. Арав арвуулаа нэг дугуй ширээнд. Нэр хүндийн асуудал учраас ширээ болгон гадаадын үнэтэй архи, виски, коньяак, дарстай. Монгол архи дарсыг хэн ч тоохгүй. Ингээд 30-аад сая төгрөгийн архи, дарс гаднаас авч орохоор болжээ. Зоог нь халуун хоол гуравтай, хоёр төрлийн зууштай, араас нь амттан. Цай кофе, тавгийн идээ, ул боов, шар айраг, ундааг тооцохгүйгээр.

Хэдэн цаг дүнгэнтэл ярилцаад өнгөрүүлэлтэй биш, уригдсан зочдыг баясгахын тулд хөтлөгч гэх бас нэг “гавьяат”-ыг аваад ирэв. Цагийн төд гээд хөлстэй. Таван сая гээгүй байгаа. Нөгөө алдартай, олны танил дуучдыг урина. Сайн дурын уран сайханч, өөрсдөө, эсвэл танигдаагүй залуу дуучид дуулахгүй, уригдахгүй. Алдар цуут дуучид нэг дуу төдөн сая, хоёр дуу төдөн сая гээд явж өгнө. Гучин минутанд гурван дуу дуулаад дор хаяж 5 саяыг хармайлаад алга болж өгнө. Ганц дуучин байлгалтай биш, дор хаяж гурав, эсвэл тав, болохгүй бол хамтлаг уриад тоглуулахад хөлс нь дээшээ явж өгнө. Тэр бүхнийг тооцож, бас заримаас нь урьж оролцуулжээ. Тоолуур гүйгээд байх нь тэр.

Мань хүнд очсон бэлэг ёстой утгаа алдлаа хэмээн өөрөө ярихыг нь би чихээрээ сонссон. Тэр том рестораны нэг өрөөг бэлэг цуглуулахад гаргаж бас өрөөний түрээс төлж, тэнд ойрын садангийн нэг хүнээ байнга жижүүрлүүлнэ. Үр хүүхэд нь дэргэдээс нь хянана. Үнэлнэ. Овоороод байх нь тэр. Мань “гавьяат” маань өөрөө ангийн, загасны хоббитой тул тэр талын элдэв зураг хөрөг (зурмал, хатгамал, фотошоопын, өөр юу юу ч юм) явж өгөв. Бэлгийн давхцал ч тоймоо алдлаа. Өрөө дүүрэн жаазтай элдэв зураг, чихмэл, хөөмөл, арьс ширэн дээр урласан элдэв дүрс, торго дурдангаар урласан зураг хөрөг, баримал, амьтны хөшөө. Дугтуйтай мөнгө өгсөн зочин байнаа. Даан ч тэр нь ресторанд зарцуулж буй тэр зардлын дэргэд мөнгө болохгүй, тоолуурын хаана нь ч хүрэхгүй, ёроолд нь.

Хагас өдрийн найр цаг хугацаанд хавчигдаад (рестораны заалын түрээс, үйлчилгээний мөнгө) тэгсгээд өндөрлөлөө гэсэн чинь дотны хэдэн найз, ах дүү нь гэр рүү нь цувлаа. Гэртээ очоод хэдэн өрөөгөө зочдоор дүүргээд дахин найрлажээ. Шөнө дунд, үүр цайхын наахна найр таржээ. Маргааш нь шартсан улс дахиад ганц нэг ууж иднэ.

Рестораны хажуу өрөөнөөс нөгөө их бэлгээ зөөж барах юм биш. Гэрт багтахгүй, нэг өрөөгөө дүүргээд агуулах шиг болгоод ч нэмэргүй. Гараашаа суллаж тийшээ зөөлөө. Хүүхдүүд нь ганц нэгийг гэртээ авч харьжээ. 

Мань хүн тэр их бэлгийг хийх газар олдохгүй, үгээ бараад, “Энэ их хогийг яанаа?” гэж хэлж байхыг би хоёр чихээрээ сонссон шүү. Ямар үзэсгэлэн музей нээлтэй биш, эргүүлж заралтай биш, заръя гэсэн ч хэн ч авахгүй, тийм ёс зүй байхгүй. Ёстой яаж ч болдоггүй юм чинь цугларсан тэр их бэлэг юм билээ шүү гэж захиж байв. Яалтай билээ гэж шаналсаар үлдсэн дээ. Одоо эрхбиш учрыг нь олсон байх. Эсвэл цаадуул нь ялзраад муудаад хаягдсан уу?

Шинэхэн “гавьяат”-уудад санаа сэдэл анхааруулга өгөх зорилгоор нэгээхэн хэсгээс нь бичиж байна. “Гавьяат”-ын шар тэмдэгний ач тус байна уу гээд хэргээр мань хүнээс сонирхлоо, хожуухан. 

Ам халаад хэлж байнаа. Тэтгэвэр дээр 150 мянга гэв үү, мөнгө нэмэгддэг гэлээ. Нийтийн тээвэрт үнэгүй явдаг, II эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эрхтэй, өөр нэг их юм хэлсэнгүй. Аа, тийм төрсөн аймаг, сумынхаа хүндэт самбарт заларсан, аймаг сумын алдартны номд орсон, УБ-т нутгийн зөвлөлийнхөн хүүе хаая гэдэг болсон, нутгийн зөвлөлийн золголт, шинэ жилийн сүлд модны наадамд уригддаг гэж нэмж хэлнэ лээ. 

Шар тэмдгээ байнга зүүж явахаас ичдэг, учир нь маш олуулаа тийм тэмдэгтэй болчихсон. Амьтны нүд хужирлахаасаа өнгөрсөн юм байна. Зүүгээгүй нь дээр юм байна хэмээн дурамжхан хэлж байв.

Жилд хоёр удаа шар тэмдгээ гаргаж дээлэн дээр зүүдэг. Тэр нь Цагаан сарын золголт, Хүй долоон худгийн наадам юм гэнэ. Баярын хурал хуй, уулзалт дээр хааяа зүүж очдог. Хамгийн их нээнтэглүүлсэн нь “гавьяат”-ын угаалгын 100 саяар сох шатсан, бас өр тавьсан, алга хийж барахгүй асар их бэлгэнд дарагдсан, түүнийгээ бараг үзэн ядсан гэх шахуу юм ярьсан шүү...

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top