Монголын сонгодог урлагийн их өргөө болох Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын түүхт 68 жилийн ой болон 56 дахь удаагийн тоглолтын улирлын нээлт энэ сарын долооны өдрийн 17:00 цагт Дэлхийн болон Монголын сонгодог уран бүтээлүүдийн дээжээс бүрдсэн “Сонгодог” тоглолтоор эхлүүлэх гэж байна.
УДБЭТ нь 1950 оны 12-р сарын 30-ны өдөр өрх тусгаарлан “Сонгодог театр”-ыг бий болгосон түүхтэй. Ингэснээр Монголд төдийгүй Азид цорын ганц “Сонгодог театр”-ыг бий болгосон ба энэ жил үүсгэн байгуулагдсаны 68 жилийн ой нь тохиож байгаа юм.
Сонгодог тоглолтын үеэр УДБЭТ-аас төрөн гарсан үе үеийн уран бүтээлчид болон уран бүтээлүүдийн тухай түүхэн үзэсгэлэнг гаргахаар бэлтгэн ажиллаж байгаа аж.
Шинэ улирлын нээлтийг тохиолдуулан дэлхийн дууриудын нэг Ж.Бизегийн “Кармен” дуурийг энэ сарын 13-нд мөн Дэлхийн балетын ноён оргил болох Чайковскийн “Хунт нуур” балетыг 14-ны өдөр тоглож, нээлтийнхээ цуврал тоглолт болгон үргэлжлүүлэх гэж байна.