Дэлхийг байлдан дагуулсан "Хаан ширээний тоглоом" цувралын эх зохиол "Гал мөсний дуун"-г зохиосон алдарт зохиолч Жорж Р.Р.Мартин өчигдөр 70 насны ойгоо тэмдэглэлээ. Алдарт зохиолч яарвал даарна гэх хэлцийг уран бүтээлдээ баримталдаг болохыг одоо хүртэл төгсөөгүй байгаа түүний зохиол баталж байна. Шүтэн бишрэгчид нь түүний эрүүл мэндийн төлөө залбирч, зохиолын үргэлжлэлийг хумсаа мэрэн хүлээх зуур Бюро 24/7 сүүлийн номуудаа бичихдээ тэрбээр яагаад ингэж удаж байгаа талаар дэлгэхээр шийдлээ.
Эрэлттэй Мартин
"Гал мөсний дуун" цувралын зургаадугаар дэвтэр болох "Өвлийн салхи" ном 2011 оноос хойш хүлээгдэж байна. Мартин энэхүү номоо аль 2015 онд дуусгана гэж амласан ч үүнээс хойш тогтмол хойшлуулж, шүтэн бишрэгчдийнхээ сэтгэл санаагаар тоглосоор л байгаа юм.
Мэдээж хэрэг тэрбээр юу ч хийлгүй тааз ширтэн хэвтээгүй. Харин ч зохиолчийн ажлууд ар, араасаа ундарч байгаа. Хэрэв "Game of Thrones" цувралын эхний дөрвөн улирлын анги бүрийн кино зохиолыг тэрбээр өөрийн гараар бичиж байсан бол (үүнд тэр сар хагасыг зарцуулдаг байсан) хэсэг хугацааны дараа утга зохиолынхоо ажилд төвлөрөхийн тулд энэхүү үүргээсээ татгалзжээ. Харин одоо тэрбээр шинэ зохиол дээр хөлсөө дуслуулан ажиллаж байгаа гэдгээ баталж "Блог биш" гэх нэртэй хувийн блогдоо дэлгэрэнгүй тайлан гарган, уурласан шүтэн бишрэгчдийг тайвшруулж байна. Гэхдээ Мартин хүн бүхний хүсэн хүлээж байгаа алдарт роман бус харин Таргариены удам ба тэдний луунуудын тухай өөр нэг зохиол дээр ажиллаж байгаа юм. Энэхүү зохиол нь арваннэгдүгээр сарын 20-нд АНУ-д худалдаанд гарах болно.
Ямартаа ч одоо Мартин маш алдартай болсон учир түүний бүтээлүүдийг дэлгэцэд амилуулах эрх яг л халуун хуушуур шиг хурдан зарагдах болжээ. Гэхдээ мэдээж хэрэг тэр бүгдэд нь өөрийн мэргэн зөвлөгөөг өгнө. HBO телевизтэй байгуулсан гэрээний дагуу алдарт зохиолч тэдний өрсөлдөгчдөд шууд утгаараа цуврал боловсруулж өгөхийг хориглосон байдаг. Тиймээс тэд түүнийг "гүйцэтгэх продюсер"-ын хувиар ажиллуулж байна. Ойрын ирээдүйд Мартины 1980 онд бичсэн "Nightflyers" зохиол телевизийн дэлгэцнээ амилах гэж байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт энэхүү зохиолд харь гарагийн амьдрал судалж буй сансрын хөлгийн багийн гишүүд ар, араасаа учир битүүлгээр амь үрэгдэж байгаа тухай өгүүлдэг. Энэхүү богино хэмжээний зохиолд Жорж цуст уламжлалынхаа дагуу дүрүүдээ ээлж дараалан хөнөөдөг тул үүнээс бүхэл бүтэн цуврал хэрхэн бүтэх нь үнэхээр сонирхол татаж байгаа юм. Үүнээс гадна "Wild Cards" (30 өөр зохиолч бичиж, Жорж Р.Р.Мартин хянан зассан уран зөгнөлт зохиол), "The Skin Trade" (хүн чононуудын тухай детектив), зохиолуудын эрх зарагдсан бөгөөд "The Ice Dragon" (бяцхан охин ба мөсөн лууны нөхөрлөлийн тухай хүүхдийн ном) гэх ном нь бүрэн хэмжээний анимэйшн кино болохоор төлөвлөгджээ.
HBO ч мөн адил бусдаас хоцролгүй түүний бүтээлүүдийг дэлгэцнээ амилуулахаар зэхэж байгаа. Тухайлбал "The Long Night" гэх нэртэй спин-офф цувралын эхний анги гарах гэж байна. Уг цувралын үйл явдал "Game of Thrones"-ын адал явдлаас мянгаад жилийн өмнө өрнөнө гэдэг нь тодорхой болсон юм. Үйл явдалд цагаан үхдэлүүд анх яаж гарч ирсэн тухай мөн "Хана"-ыг хэрхэн босгосон талаар өгүүлэх болно. Мөн эдгээр төслүүдээс гадна дахин гурван шинэ санааг тэрбээр аажмаар боловсруулж байгаа аж. Сонирхуулахад спин-офф бүрт тусдаа кино зохиолч ажиллаж байгаа юм. Жорж Р.Р.Мартин үндсэн зохиол дээрээ ажиллаж байгаа гэдгээ үүгээр баталж байна. Хэрэв тэрбээр завтай байсан бол өөрөө кино зохиолууд дээр ажиллана шүү дээ.
Телевизээс авсан сургамж
1983 онд Жорж Р.Р.Мартины "The Armageddon Rag" романыг хэн ч уншихыг хүссэнгүй. Тиймээс л тэр амьдрахын эрхээр телевизийн салбарт орсон байдаг. Тэрбээр "The Twilight Zone", орчин үеийн "Beauty and the Beast" зэрэг төслүүдийн зохиолыг бичжээ. Мартин санхүүгийн хүндрэлийг мэдрээгүй ч төд удалгүй түүний "Doorways" цуврал хойшлогдож, түүний бусад санаанууд ч боловсруулалтын шатандаа гацаж эхэлсэн юм.
Цөхөрсөн зохиолч өөрийн бүтээлүүдээ хүмүүст хүргэхийг л хамгийн ихээр хүсэж байсан тул тэрбээр утга зохиолын ертөнцөд эргэн орсон байдаг. Яг тухайн үед л тэр "Гал мөсний дуун" зохиол дээр ажиллаж эхэлжээ. Кино зохиол бичиж туршлага суусан тэрбээр харилцан яриаг илүү сайжруулж, зохиолоо тодорхой бүтцийн дагуу нягт нямбай бичиж, илүү зүйлсийг хасаж сурсан байна. Телевизийн салбарт ажиллаж байсан хугацаандаа Жорж төсөв, засвар гэх зэрэг олон хязгааруудтай нүүр тулж байсан тул "Гал мөсний дуун" түүний хувьд эдгээр зүйлсээс түр завсарлах боломж нь болсон юм. Тэрбээр энэхүү зохиолыг ямар ч хязгааргүй, жинхэнэ өөрийн хүслээр, хэзээ ч, хэн ч дэлгэцэнд гаргахааргүй болтол нь бичсэн байдаг. Харгис аллагууд, цус холилдолт, агуу тулаанууд, хэд, хэдэн тивийн, олон арван улс орнууд, мангас, луу зэрэг нь гайхалтай зохиолыг бүрдүүлсэн юм. 1990-ээд онд хэн нэгэн ийм зүйлийг телевизийн дэлгэцнээ харна гэж төсөөлж ч байгаагүй биз ээ.
Тоормос моргулис
Мартин нэгэн зэрэг олон төсөл дээр ажиллах нь түүний ажлын арга барил хэмээн зөрсөөр байгаа. Тийм ч учраас "Өвлийн салхи" хойшлогдож байгаа нь өөр шалтгаантай гэнэ. Түүний хэлснээр цувралын амжилт түүнд өндөр хүлээлт үүсгэж олон нийтийн анхаарлыг авчирсан бөгөөд энэ нь ч маш их дарамт учруулж байгаа гэжээ. Мөн шинэ ном саатаж байгаа нь зохиолчийн бичих арга барилаас шалтгаалж байх магадлалтай. Тэрбээр зохиолчдыг архитекторууд ба цэцэрлэгч гэх хоёр ангилалд хуваадаг. Архитекторууд бүх зүйлийг урьдчилан төлөвлөж, барилгаа босгохоос өмнө зураг төслөө сайтар бэлдэж, ер нь л хийж буй зүйлээ маш сайн мэддэг байна. Харин цэцэрлэгчид зүгээр л газарт үрээ суулгаж, дараа нь усалдаг бөгөөд яг юу ургахыг мөн хэр их мөчирлөхийг ч төсөөлдөггүй. Жорж Р.Р.Мартин өөрийгөө хоёр дах төрөлд хамруулдаг. Түүний бичсэн хязгааргүй зохиолыг энэхүү арга барилаар цэгцлэх нь асар хүнд даалгавар болж байгаа юм.
Мөн алдарт зохиолч огт төлөвлөгөө гаргадаггүй. Учир нь бүх зүйл хэрхэн төгсөхийг мэдвэл түүний сонирхол нь шууд л буурдаг байна. Мэдээж хэрэг тэр хэлэх гэсэн санаа ба юунд хүрэх гэж байгаа талаар ерөнхий төсөөлөлтэй. Жорж Р.Р.Мартин ямар нэгэн түүх бичихдээ өөрөө дотор нь орж, аажим аажмаар тухайн ертөнцийг бүтээдэг байна. Түүнд үйл явц дундаа шинэ санаагаар "тоглож" өөрийгөө гайхшруулах нь таалагддаг. Үйл явдлыг цааш хэрхэн өрнүүлэхийг ойлгох зорилгоор зарим бүлгүүдийг дахин бичих шаардлагатай болдог аж. Бидний мэдэж буйгаар HBO-гийн төлөөлөгчид түүнээс дүрүүдийн хувь заяа хэрхэн төгсөх талаар бүх нууцыг асуучихсан байгаа. Тиймээс одоо Жорж Р.Р.Мартин тэдний талаар өөрийнхөөрөө өгүүлэх сонирхлыг өөртөө төрүүлэх хэрэгтэй. Гэхдээ тэр огт бууж өгөөгүй байгаа нь шүтэн бишрэгчдэд урам зориг өгөх ёстой юм.