x

М.Тулгат: 1.6 их наядын алдагдалтай төсвийг хэмнэлтийн төсөв гэж нэрлэх боломжгүй

Ардчилсан намын сонгогдсон дарга М.Тулгаттай ярилцлаа.

-Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийг өргөн барилаа. Энэ удаагийн төсвийн онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийг дүгнээд хэлэх юм бол “үнэнээс зугтаасан” л төсөв болсон. Сүүлийн жилүүдэд ер нь ийм байгаа. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч үнэнд удахгүй гүйцэгдэнэ. Эдийн засгийн өнөөдрийнх шиг хүнд нөхцөл байдал өмнө ирж байгаа цаг үед шийдэмгий таналт, төсвийн сахилга бат, бүтцийн зоримог өөрчлөлт шаардлагатай. Гэтэл төрийн данхар байдал цасан бөмбөг шиг уруугаа эрчээ аван томорч, эргэлт буцалтгүй болсон нь харагдаж байна. Эрх баригчид энэ инерцийг тогтоон барьж дийлэхгүй нь. 2016 оноос хойш засгийн эрхийг аваад явж байгаа нам чадахгүй гэдэг нь тодорхой. Учир нь өөрөө өөрсдийгөө үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд системийн эд эсүүд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Энэ төсвөөр бол зах зээлд төгрөгийн ханшийн уналт үргэлжилнэ, түүнийг тогтоон барихын тулд төв банк хатуу бодлого барина, эдийн засгийн эргэлтийг тэтгэдэг цусны гүйдэл болсон мөнгөний урсгал саарна, энэ нь хувийн хэвшлийн хөгжлийг боомилно. Зөвхөн төсвийн хөрөнгө оруулалттай ажлууд хийгдэж, төрийн сектор улам томорч, хувийн хэвшил улам агшсан, эдийн засаг байрандаа эргэлдсэн ийм л дүр зураг энэ төсвөөс харагдаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж байгаа ч, БНХАУ-ын төрийн өмчит компанийн оролцоотой, өөрөөр хэлбэл, үр өгөөж нь дотооддоо шингэхгүй байх төлөв ажиглагдаж байна.

Алдагдалтай төсвөө Засгийн газар гадаад болон дотоод өрөөр нөхөхөөс аргагүй. Дотооддоо босгосон бонд нь арилжааны банкуудын нөөцийг хувийн хэвшлээс булаана. Угаасаа мөнгөний хатуу бодлого явагдахаар бүр чанга болно. Хувийн хэвшлийнхэнд зээл олдохгүй. Эдийн засаг тэжээгдэхгүй. Үүний горыг төр болон төрийн өмчит компаниуд мэдрэхгүй. Харин хувиараа бизнес эрхлэгч иргэд, ААН-үүд л мэдэрнэ, амсана. Ийм байдал үргэлжилж, дээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг шахаж хавчиж, попорч байснаас болоод манай эдийн засаг сүүлийн 10 жил тэлсэнгүй. Энэ хугацаанд төр л данхайж, томорлоо.

-Сангийн сайд ирэх оны төсвийг хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодотгож байгаа. Хэмнэлтийн тухай хуулиар нэг их наяд төгрөг хэмнэсэн гэдгээ зарласан шүү дээ?

-Хэмнэлтийн төсөв болсон гэдэгтэй санал огт нийлэхгүй. Тэд хэмнэлт гэж юуг хэлж байна вэ. Төсвийн зарцуулалт 14 хувиар нэмэгдлээ. Төсвийн алдагдал 1.6 их наяд байхаар орж ирлээ. Засгийн газрын өрийн хэмжээ 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Өр тавьж, ирээдүй хойч үедээ өрийн дарамт өгч, ирээдүйн хөгжлийн боломжийг хулгайлж байна. Тоо бодит үнэнийг хэлж байхад мянга “хэмнэсэн” гэж өөрсдийгөө өмөөрөөд нэмэргүй.

-Ирэх онд бүтээн байгуулалттай холбоотой нэг ч шинэ төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй гэдгээ зарласан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсанаас өөр ямар ч бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй гэдэг нь тодорхой байна. Уг шийдвэр төсвийн шинэчлэлтэй холбоотой юу?

-Өнгөрөгч 2021, 2022 оны төсөв ковид, цар тахлын үеийн онцгой нөхцөл байдал гэдгээр халхавчлан замбараагүй явсан. Эдийн засгийг идэвхжүүлэх нэрээр ямар ч тооцоо судалгаагүй, үр өгөөжгүй хөшөө дурсгал, байшин барилга, соёлын төв гэх мэт хөрөнгө оруулалтын ажлуудыг батлаад явсан. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө бол тэр чигээрээ замбараагүй зарцуулалт, үр ашиггүй, дээр нь зах зээлийн эрүүл балансыг бусниулах, төгрөгийн үнэ цэнийг унагах үр дагавартай. Өмнөх жилүүдэд төлөвлөсөн, он дамнасан гэх ажлууд нь угаасаа хангалттай их байгаа учир шинээр ажил төлөвлөх шаардлагагүй байгаа юм. Энэ төсөв эдийн засгийг тэлэх төсөв биш. ДНБ-ий өсөлт ковидоос болж 2020 онд хасах 4.6 хувь байсан. 2021 онд 1.6 хувь өссөн үзүүлэлттэй гарсан нь өмнөх оныхоо агшилтыг даваагүй гэсэн үг. Энэ онд 2.5 хавьцаа гарах юм шиг байна.

Өөрөөр хэлбэл, 2020 онд агшсан хэмжээгээ нөхөж чадахгүй яваад байна. Гэтэл манай улсын орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар тэр дундаа зэс, нүүрсний үнэ өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд сүүлийн 100 жил гараагүй өндөр өсөлттэй байгаа. Манайхтай адил уул уурхайгаас хамааралтай бусад улс орнуудын эдийн засаг ковидоор уналт бага, дараах оноос өсөлт нь өндөр яваа. Уул уурхайд ковид бараг нөлөөгүй гэсэн үг. Төрийн менежмэнт үнэхээр хангалтгүй, бодлого дампуу байна.

-Өмнө нь хэрэгжүүлэх оролдлого хийсэн боловч бүтэлгүйтсэн шаталсан татварын тогтолцоог ирэх жилээс хэрэгжүүлэхээр боллоо. Хэн илүү ашиг олж байгаа нь тэр хэмжээгээр өндөр татвар төлөх тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд Б.Жавхлан 1300 орчим иргэн сард 10 сая төгрөгөөс дээш орлоготой хэмээн мэдэгдсэн. Ингээд тооцохоор төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ нь тийм ч их биш. Магадгүй олон нийтэд таалагдах оролдлого гэж харж байна. Өөрөөр хэлбэл, баячуудаас илүү өндөр татвар авч төсөвт төвлөрүүлж байгаа гэх ойлголтыг олон нийтэд өгч байна. Цаашид бид хувийн хэвшлээ дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлэх ёстой. Хувийн хэвшлээ дэмжсэн татварын бодлого гэдэг бол ердөө л татварын хэмжээг бууруулах тухай асуудал юм. Гэтэл манайхан үүнийг зөвхөн хэлбэр төдий ойлгоод байна.

Тухайлбал, ирэх оны төсөвт гарааны бизнес эрхлэгчдийг 3-5 жил татвараас чөлөөлөхөөр тусгасан. Энэ бол бас л бодит байдалд үр дүн байхгүй. Учир нь гарааны бизнес эрхлэгчид эхний 3-5 жил угаасаа л алдагдалтай ажилладаг. Бизнес эрхлэгчдийг хамгийн их зовоодог асуудал бол НӨАТ шүү дээ. Манайд НӨАТ-ын хэмжээ 10 хувь буюу харьцангуй өндөр. Ашигтай эсвэл ашиггүй ажилласнаас үл хамаарч заавал төлөх ёстой татвар учраас бизнесийхэнд хүнд тусдаг татвар юм. Уул нь НӨАТ-ын хэмжээг бууруулж, татварын баазыг буцаагаад нэмэгдүүлэх гэх мэт алхам хийвэл алсдаа эдийн засгаа тэлэхэд дэмтэй. Иймэрхүү өөрчлөлт байхгүй, эсрэгээр нь хувийн хэвшлийнхнийг тултал “нугаслах” бодлого хэрэгжиж байна.

-Цар тахлын болоод геополитикийн асуудал цаашид хэрхэн үргэлжлэх нь одоо ч асуулт, анхаарлын тэмдэг дагуулж байна. Гэтэл ирэх оны төсөвт уул уурхайгаас олох орлогын хэмжээг өмнөх хэмжээнээс бууруулаагүй байдлаар төсөөлсөн байна. Ирээдүйд гарах эрсдэлээ тооцоолж чадсан болов уу?

-Сүүлийн жилүүдэд эрх баригчид заль хэрэглэдэг болсон. Төсвийн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлдөг болсон. Өөрөөр хэлбэл, олох орлогынхоо хэмжээг бодитоор төсөөлөөд багаар оруулж ирвэл төсвийн алдагдлын хэмжээ өсч 4-5 их наядад хүрнэ. Тийм учраас орлогоо өөдрөг төсөөлдөг заль хэрэглэдэг. Гэтэл гүйцэтгэл нь хангалтгүй болоод ирэхээр “БНХАУ-д тэг ковид бодлого хэрэгжсэнээр хил боомтын асуудал гацлаа, ОХУ, Украины дайн хүндэрлээ, инфляци өслөө” гэх мэт гадаад, дотоод шалтаг тоочиж, үүнийг бид тооцоолоогүй байсан” гэх үг хэлдэг. Орлогоо өөдрөгөөр төсөөлчихөөд эргээд УИХ,ЗГ-ын гишүүд нь тойргоо усалж, бүтээн байгуулалт нэртэй төсвийн мөнгийг үргүй зарцуулдаг. Магадгүй ирэх оны дундуур төсвийн тодотгол хийх байх. Энэ жил төсөвт тодотгол хийх нэрээр 2030 он хүртэл захиран зарцуулах эрхгүй байсан “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг зарцуулсан шүү дээ.

-Тэгвэл ирэх онд төсөвт дахин тодотгол хийх нь гарцаагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Төсөвт тодотгол хийх нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд төсөвт тодотгол хийх нь хэвийн үзэгдэл болсон. Нэг удаадаа хийдэг байсан бол хоёр хийдэг болсон. Өмнө нь явж байсан арга, техникээрээ л явж байгаа учраас төсөв батлагдаад удаа ч үгүй тодотгох асуудал яригдах байх. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол гадаад валютын нөөц. Оны өмнөхөн 4.7 тэрбум доллар байсан валютын нөөц одоо 2.7 тэрбумд хүрчихлээ. Цаашид ч нөөц багасах дүр зураг ажиглагдаж байгаа учраас ханшийн өсөлтийг тогтоон барих боломж алга. Инфляци өндөр байгаа энэ үед төсвийн сахилга бат маш чухал. Эдийн засаг руу орж байгаа төрийн секторын эдийн засгийн нийлүүлэлтийг танах ёстой. Үүний тулд зоригтой алхам хийх ёстой. Даанч эрх баригчид чадахгүй л дээ. Үнэнээс зугтаад л явна. Гэхдээ үнэнтэй хэзээ нэгэн цагт нүүр тулна. Уул нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой, хүчтэй ажиллах нөхцөл бүрдсэн. Ерөнхий сайдад эрх мэдэл төвлөрсөн. “Хүчтэй” Ерөнхий сайд зоримог шийдвэр гаргаад явбал болох учиртай юм. Гэтэл чадахгүй юм байна. Ямар ч улс төрийн зориг, манлайлал алга. МАН сонгуулийн амлалтаар татвар нэмэхгүй гэсэн, өчнөөн нэмлээ. Хэмнэнэ, цомхон болгоно гэсэн улам данхайлаа. Давхар дээлтэй болж аваад л бүр замаа алдлаа. Шинээр сайдуудын орон тоо, ажлын алба байгууллаа. Чөтгөрийн тойрогт орчихлоо.

-Та НИТХ-ын төлөөлөгч хүн. Энэ жил түгжрэлд 420 тэрбум төгрөг тусгасан. Харамсалтай нь бодит үр дүн тааруу л харагдаж байна. Ирэх жилийн төсөвт түгжрэлийг бууруулахад 580 гаруй тэрбум төгрөг суулгасан. Энэ хэр оновчтой шийдвэр бол?

-Энэ жил нийслэлийн төсөвт суулгасан 420 тэрбум төгрөгийг хэр оновчтой зарцуулсан талаар удахгүй танилцуулагдаад явах байх. Одоогоор нүдэнд харагдахуйц үр дүн гараагүй л байна. Улаанбаатар хотод өдөр тутамдаа 1000 орчим автобус нийтийн тээвэрт үйлчилдэг. Энэ тоог 2000 болгочихвол нийтийн тээврийн хүртээмж нэмэгдэх нь тодорхой.

Гэтэл бодит байдал дээр одоо байгаа 1000 автобусаар бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй зам дээрээ гацчихсан байна. Нэг автобусны рейс хийх тоо нь түгжрэлээс үүдэн 3-4 дахин буурчихаад байгаа юм. Ийм байхад асуудлын гол нь нийтийн тээврийн тоонд байгаа юм биш. Бид 700 сая төгрөгийн үнэтэй 1000 автобус авсан ч үр ашгийг нь гаргаж чадахгүй. Тэгэхээр нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх нь зайлшгүй хийх ажил боловч түгжрэлийг шийдэх гол байгаа онохгүй л байна. Концепцийн хувьд болохгүй байна. Ер нь бол түгжрэлийг шийдэх арга зам бол нийтийн тээвэр. Гэхдээ үүнийг цогц арга хэмжээгээр шийдэх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно
Top