TripAdvisor аяллын компани жил бүр уламжлал болгон гаргадаг дэлхийн хамгийн шилдэг музейн жагсаалтаа танилцуулсан байна. Уг жагсаалтад АНУ-аас эхлээд Хятад хүртэлх дэлхийн олон оронд байрладаг 25 музейн цогцолбор багтсан байгаа. TripAdvisor энэхүү рейтингийг боловсруулахдаа вебсайт дахь хэрэглэгчдийн үнэлгээ ба шүүмжийг харгалзан үзжээ.
1. Музей Орсе, Парис, Франц
Энэхүү музей нь Сена мөрний зүүн эрэг дагуу байрлах хуучин галт тэрэгний буудлын байранд оршдог. Энд импрессионист ба постимпрессионист уран бүтээлчдийн хамгийн том цуглуулга бий. Тухайлбал музейн санд Поль Гоген, Гюстав Кюрбе, Эдуард Мане, Клод Моне, Эдвард Мунк, Огюст Ренуар болон бусад олон уран бүтээлчдийн бүтээлийг олж болно.
2. Есдүгээр сарын 11 дурсгалын музей, Нью-Йорк, АНУ
2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт халдлагад зориулсан дурсгалын музей. Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн оронд хоёр усан сангаас бүрдсэн дурсгалын хөшөөг барьжээ. Энэхүү цогцолбор нь эзгүйрлийг илэрхийлж байгаа аж.
3. Метрополитен музей, Нью-Йорк, АНУ
Дэлхийн хамгийн том музейнүүдийн нэг. Метрополитенд нийт 20 хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Энд эртний, орчин үеийн гээд бүх цаг үед бүтээгдсэн Европ, Ази, Африк Америк уран бүтээлүүдийг үзэх боломжтой.
4. Их Британийн музей, Лондон, Их Британи
Үзэгчдийн тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг музей. Тус музейд эртний Египет, Дорно дахин, Ром ба Грекээс ирсэн үзмэрүүд хадгалагдаж байгаа. Мөн үзмэрүүд дунд занданшуулсан шарил, бунхан, босоо ятга, шаазан эдлэлүүд, уран баримлууд, гар бичмэл, цом гэх зэрэг археологийн олдворууд ч бий.
5. Прадо үндэсний музей, Испани
Европын дүрслэх урлагийн хамгийн том цуглуулга энэхүү музейд байдаг. Музейн санд Босх, Веласкес, Гойя, Мурильо, Сурбаран, Эль Греко зэрэг алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд хадгалагддаг. Гэхдээ цуглуулгын гол үзмэр нь Рафаелийн бүтээлүүд юм. Түүнчлэн Караважо, Тициан, Жентилески, Тинторетто зэрэг Венецийн урлагийн сургуулийн алдартай төлөөлөгчдийн уран зургуудыг ч харах боломжтой.
6. Акрополийн шинэ музей, Афин, Грек
Эртний Акрополийн газар нутаг дээр олдсон эд зүйлс археологийн музейн гол үзмэрүүд нь болдог. Хөшөө, багана гээд эртний барилгын элементүүдийг эндээс олж харах боломжтой юм.
7. Лувр, Парис, Франц
Сена мөрний баруун эрэг дээр буюу Парис хотын төвд байрлах дэлхийн хамгийн эрэлттэй бас алдартай урлагийн музей. Анх 1792 онд үүсгэн байгуулагдсан Лувр дэлхийн хамгийн эртний музейн нэгт зүй ёсоор тооцогддог. Музейн цуглуулгад эртний бүтээлүүдээс эхлээд шинэ үеийн Европын урлаг хүртэлх асар олон үзмэрүүд нэг дор цугларсан байгаа.
8. Дэлхийн II Дайны үндэсний музей, Нью-Орлеанс, АНУ
Музейн интерактив үзэсгэлэн нь Дэлхийн II Дайнд АНУ хэрхэн оролцсон тухай дэлгэрэнгүй харуулах болно.
9. Антропологийн үндэсний музей, Мехико, Мексик
Энэхүү музей нь Мексикийн газар нутаг дээр олдсон Колумбын өмнөх үеийн археологи ба антропологийн асар ховор үзмэрүүдийг дэлгэдэг. Жишээ нь энд Ацтекийн цаглабар, Ольмек омгийн чулуун толгойнууд, Майячуудын эрдэнэс болон бусад олон сонирхолтой зүйлсийг олж болно.
10. Дайны хохирогчдод зориулсан музей, Хошимин, Вьетнам
Уг музей нь Вьетнамын дайнд зориулагдсан юм. Анхандаа музейг "Америкийн дайны гэмт хэргийн музей" гэж нэрлэж байсан бөгөөд Вьетнамын газар нутаг дээрх АНУ-ын түрэмгийллийг харуулсан байв. Харин дараа нь Вьетнам ба АНУ-ын харилцаа тогтворжсоноор тус музейн нэрийг өөрчилсөн юм.
11. Үндэсний галерей, Лондон, Их Британи
Уг музей нь Трафальгарын талбайд байрладаг. Музейн цуглуулгад XVIII-XX зууны үеийн Баруун Европын уран зургийн 2,000 гаруй бүтээл хадгалагддаг байна. Лондонгийн үндэсний галерей нь хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтын гуравдугаарт бичигддэг.
12. Ваза музей, Стокхольм, Швед
Ваза (эсвэл Васа) гэх энэхүү музей нь хөлөг онгоцны музей юм. Хааны удмын нэрээр нэрлэгдсэн Васа байлдааны хөлөг онгоц нь 1628 онд анх далайд гарсан боловч удалгүй сүйрсэн юм. Ойролцоогоор 300 жилийн дараа буюу 1961 онд тус хөлөг онгоцыг далайгаас гаргаж, сэргээн засварлан, музейн үзмэр болгосон байдаг. Сонирхуулахад энэхүү хөлөг онгоц нь дэлхий дээр үлдсэн цорын ганц XVII зууны эхэн үеийн далбаат онгоц юм.
13. Уффици галерей, Флоренц, Итали
Европын хамгийн эртний музейн нэг. Энэхүү музейн барилгын ажлыг Козимо I Медичи хариуцсан байдаг. Музейн ховор цуглуулгад дундад зууны үеэс эхлээд орчин цагийн олон мянган урлагийн бүтээлүүд хадгалагддаг. Энд Леонардо да Винчи ба Боттичелли нарын хамгийн алдартай бүтээлүүдийг үзэх боломжтой.
14. Рейксмюсеум, Амстердам, Нидерланд
Тус музейн хамгийн гол үзмэр нь Рембрандтын "The Night Watch" гэх бүтээл юм. Энэхүү бүтээл нь Амстердам хотын эзэмшилд тооцогддог бөгөөд түр хугацаанд Рейксмюсеумд хадгалагдаж байгаа аж. 1906 онд зөвхөн уг зургийг хадгалахын тулд музейн барилгыг дахин шинэчилсэн байдаг (энэхүү зураг нь 3,63 x 4,37м хэмжээтэй).
15. Эрмитаж, Санкт-Петербург, ОХУ
Санкт-Петербург хотын төвд, Өвлийн ордонд байрладаг уг музей нь дэлхийн хамгийн том музейн цогцолборуудын нэг юм. Ингээд ч зогсохгүй дэлхийн хамгийн олон хүн очдог шилдэг 20 музейн жагсаалтад багтсан байдаг.
16. Винсент Ван Гогийн музей, Амстердам, Нидерланд
Агуу уран бүтээлчийн амьдрал ба уран бүтээлд зориулсан музей. Ван Гогийн гэр бүлийн эзэмшилд байдаг бүтээлүүд тус музейн цуглуулгын гол үзмэрүүд болдог байна. Бүр тодруулбал 200 уран зураг, 500 гар зураг, хар зургуудаас бүрдсэн дөрвөн цомог ба уран бүтээлчийн 800 гаруй хувийн захидал байдаг аж.
17. Урлагийн институт, Чикаго, АНУ
Анх 1879 онд байгуулагдсан уг институт нь нэгэн зэрэг музей ба дээд сургуулийн үүргийг гүйцэтгэдэг. Энд импрессионист ба Америкийн урлагийн маш том цуглуулга бий.
18. Египетийн музей, Турин, Итали
Дэлхийн анхны Эртний Египетийн соёл иргэншлийн музей 1824 онд баригджээ.
19. Шинэ Зеландын музей (Те Папа Тонгарева), Веллингтон, Шинэ Зеланд
Те Папа Тонгарева гэдэг нь "Энэ нутгийн баялаг оршиж буй газар" хэмээн орчуулагдана. Энэхүү музей нь Шинэ Зеландын уламжлал ба соёлд зориулагдсан юм.
20. Ларко музей, Лима, Перу
Энэхүү музей нь инкам, моче, наска, чиму зэрэг Колумбын өмнөх үеийн янз бүрийн соёл иргэншил ба нутгийн түүхэд зориулагдсан юм. Музейн цуглуулгад одоогоор нийт 45,000 гаруй үзмэр тоологдож байна.
21. Туол Слэнг геноцидийн музей, Пномпень, Камбож
Коммунист намын "Улаан кхмерүүд" орон нутгийн энгийн нэг сургуулийн байранд Туол Слэнг гэх шоронг байгуулсан юм. Энд 1975-1979 оны хооронд ойролцоогоор 17,000 хүн хоригдож байсан гэх мэдээ байдаг ч зарим эх сурвалжууд энэ тоог 20,000 давсан гэж үздэг.
22. Терракоттагийн дайчид ба морьдын музей, Хятад
Чин гүрний анхны эзэн хааны булш ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан юм. Эзэн хаантай хамт энд бодит хэмжээтэй 8,100 терракотагийн дайчид ба тэдний морьдын хөшөөг булшилсан байна.
23. Алтны музей, Богота, Колумб
Энэхүү музейд Америкийн уугуул иргэдийн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэлүүд үзмэр болон дэлгэгддэг.
24. Яд ва-Шем, Холокостын дурсгалд зориулсан үндэсний музей, Израйль
Иерусалимд байрладаг энэхүү музей нь Херцл уулын энгэрт, далайн түвшнөөс 804 м өндөрт оршдог. Уг цогцолбор нь нийт 18 га талбайтай бөгөөд дотроо холокостын түүхийн музей, еврейчүүдийг хорих анги руу зөөдөг байсан вагон, дурсгалын хана зэрэг хэд, хэдэн үзмэрүүдтэй. Яд ва-Шем бол Израйлийн хамгийн чухал түүхэн дурсгалт газруудын нэг юм. Энэхүү цогцолборыг жил бүр нэг сая гаруй хүн үздэг гэсэн тоо байдаг. Дашрамд дурдахад тус музей нь үнэ төлбөргүй юм.
25. Пинакотека, Сан-Паулу, Бразил
Бразил улсын хамгийн чухал музейн нэг. Музейн санд уран зураг, уран баримал, коллаж, шавар эдлэл зэргээс бүрдсэн 6,000 гаруй үзмэрүүд хадгалагдаж байна. Мөн энд XIX-XX зууны Бразилын хамгийн том дүрслэх урлагийн цуглуулга хадгалагддаг онцлогтой.
buro247.mn