УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн өчигдөр УИХ энэ асуудлаар хаалттай хуралдаж, байнгын хорооны саналыг дэмжсэн байна.
Тодруулбал, тус хуралдаанаар УИХ-ын гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзжээ.
Улсын ерөнхий прокуророос өнгөрөгч даваа гаригт нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах санал УИХ-д хүргүүлсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой юм байна. Улсын Ерөнхий прокурор албаны нууцын тамгатайгаар УИХ-д хүсэлтээ ирүүлсэн учраас нээлттэй хэлэлцье гээд ч хуулиар боломжгүй байгаад байна. Хэрэг хийсэн гэх үйл баримт байвал өөрийн нам байсан ч хамгаалж хаацайлахгүй гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байгаа. Хаалттайгаар хэлэлцчихээр нээлттэй байр суурь илэрхийлэх эрх хязгаарлагдаж байна. Цаашид Ерөнхий прокурор нууцаар биш илээр асуудлаа оруулж ирж байх ёстой" гэж байв.
Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой хуулийн заалт байдаг. Ийн УИХ-аас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэнгүй.