УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотголыг дагалдах хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.
Энэ үеэр УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тэрээр "Төсвийн байнгын хорооны саналаар гишүүд хэлэлцүүлгийн явцад олон талаас мэтгэлцсэн гэдгийг ойлгож байна. Засгийн газрын саналыг дэмжих зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нэг уут үлдээхээр тэр нь цаашаа буруу жишиг болж тогтдог байдлыг болиулах зүйлийг Төсвийн хуулиар хийж байгаа. Өөрчлөлт өвдөлт өгнө.
Зарим агентлагийн дэд дарга нар, төрийн өмчит компанийн орлогч дарга нар УИХ-ын гишүүдэд ханддагаа болих хэрэгтэй. УИХ, Шүүх засаглал, Засгийн газрын харьяа байгууллагууд тэгш зарчмаар хандах шинэчлэлээ хийгээд явах нь зүйтэй. Ерөнхий сайдын хувьд энэ саналаас ухрахгүй. Санал унавал төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд дахиж оруулж ирнэ. Төрийн өмчит үйлдвэрийн газар гээд 200 орчим хүн бий. Том агуулгаар нь хүлээгээд авах нь зөв. Машин дээр ч гэсэн адил. Цахим систем рүү оруулаад ашиглалтыг сайжруулах гэж байгаа зүйл. Тэр машинтай байна, би жолоочтой, жолоочгүй гэсэн хандлагаа өөрчилмөөр байна. Ил, далд лоббигоо болимоор юм. Тэгш зарчмын дагуу реформоо хийх нь зүйтэй. Үнэхээр болохгүй байвал цаашид хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Тийм учраас УИХ-ын гишүүдээ Засгийн газраас гаргасан саналын дагуу эцсийн хэлэлцүүлэг дээр дэмжихийг хүсье" гэсэн юм.