УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан хаалттай болж, нууцаар санал хураасан бөгөөд УЕП-аас гаргасан хүсэлтийг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэлээ.
Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Өчигдөрийн хуралдаанаар дөрвөн гишүүнээс нэмэлт тайлбар авахаар болоод тарсан. Харин өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэлээ.
Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэж байгаа юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч бие дааж 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 буюу нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнээс дөрвөн төрөл нь л УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй. Бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно.
Харин албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулдаггүй, гэр, бие, машин, албан тасалгаанд нь нэгжлэг хийдэггүй. Энэ дөрвөн аргыг хэрэглэе гэдэг хүсэлтийг прокурор тавьж байгаа гэсэн үг.
Хуулиар хориглож буй дөрвөн аргыг хэрэглэх шаардлагатай юу үгүй юу гэдгийг бид дэнсэлж байгаа юм" гэв.