Домогт "Police Acedemy" буюу "Цагдаагийн академи" инээдмийн киноны үргэлжлэл гарах гэж байна. Энэ талаар тус кинонд цагдаагийн сургуулийн оюутан Кэри Махоунигийн дүрийг бүтээсэн жүжигчин Стив Гуттенберг Twitter хуудастаа бичжээ. Тэрээр олон нийтийн сүлжээнд "Цагдаагийн академи киноны дараагийн анги гарна. Гэхдээ одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл цацахгүй. Ямартаа ч маш том бэлэг байх болно" гэжээ.
Эргэн сануулахад Хью Уилсоны бүтээсэн "Цагдаагийн академи" киноны анхны анги 1984 онд гарч байсан юм. Киноны үйл явдалд янз бүрийн хөгжилтэй адал явдалд орооцолддог цагдаагийн сургуулийн хэсэг бүлэг бүтэлгүй оюутнуудын тухай гардаг гэдгийг та бүхэн санаж байгаа биз ээ. Нийт тус франчайзын долоон анги бүтээгдсэнээс хамгийн сүүлийнх нь 1994 онд дэлгэцнээ танилцуулагдсан юм.
Анх тус киноны үргэлжлэлийг хийх тухай бүр 2010 онд яригдаж эхэлсэн билээ. Тухайн үед New Line кино компани ба найруулагч Пол Масланкси нар шинэ анги дээр ажиллана хэмээн мэдэгдэж байсан ч үүнээс хойш ямар нэг мэдээлэл цацагдалгүй нам гүн байсан юм.