x

Ч.Номин: Байгаль, түүх, газарзүйн хичээлийг музейд явуулдаг сонгодог арга барилыг дэлгэрүүлнэ

Музейн тухай хуулийн зарим зүйл заалт энэ оноос хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Соёлын сайд Ч.Номинтой музейн талаар ярилцлаа.

-Оны сүүлээс эхлээд соёлын салбар өрнүүн байлаа. Гэсэн ч ковидын дараах сэргэлт тийм ч амар явагдахгүй байх. Ялангуяа, танхимын үйлчилгээ татарсан үед музей эзгүйрч байна уу даа гэж харагдаж байна?

-Зөвхөн ковид гэлтгүй технологийн дэвшил нь соёлын өвийн хэрэглээг бууруулах хандлагатай болж байгаа. Мэдээж энэ нь соёлын өвийн үүрэг оролцоог багасгах хандлагыг бий болгож, хувьсан өөрчлөгдөх уусаж устах үйл явцыг идэвхжүүлж байгаа.

Ерөнхийдөө, соёлын олон төрөл зүйл аажмаар устах үр дагавар нь зөвхөн Монгол Улсын биш аливаа улс үндэстэнд тулгарч байгаа асуудал.

Манай Улс ч гэсэн үүнийг бодитой “аюул” гэж харсан тул Соёлын яамыг байгуулж, Соёлын тухай хууль, Кино урлагийг дэмжих тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай, Музейн тухай хууль зэрэг шинэ болон шинэчлэн найруулсан хуулийг баталсан. Энэ нь шинэ тутамд орж ирж байгаа соёлын нөлөөллийг бууруулах, монголчуудыг бусдаас ялгах, монгол соёлын давтагдашгүй хэв шинжийг тодруулж, хамгаалах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх суурь болж байгаа юм.

Эдгээр хууль эрхзүйн шинэчлэлүүдэд музейн салбар багтаж, анх удаа бие даасан Музейн тухай хууль батлагдсан нь орчин цагийн музейн харилцааг зохицуулах, музейн үүргийг бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Өөрөөр хэлбэл, музейг хүн бүрд хүртээмжтэй болгох хамгийн үр дүнтэй арга замыг, нийгмийн үүргийг нь илүү тодруулахад хуулийн зорилго чиглэгдэж байгаа. Музей бол соёл өвлөгдөж байдаг, цуглуулгууд нь байгаль, хүмүүсийн соёлын биет, биет бус өвийг хамгаалах чухал газар, орон зай учраас Соёлын яам Музейн тухай хуульд түшиглээд музейн асуудалд илүү их анхаарал хандуулж байгаа.

-Эцэстээ музей үзсэн хүний тоо хэд байна, тэр л бидний ажлын үр дүн шүү дээ. Музейг хүмүүс хэр их үзэж байна. Таны хэлснээр музейн нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх ямар арга зам эрэлхийлж байна?

-Сүүлийн 10 жилийн статистик, тоо баримтаас харахад, музейг дээд тал нь нэг жилд 920 мянга гаруй хүн үзсэн байдаг. Жишээ нь, 2019 онд 670 мянга орчим хүн музей үзэж байсан бол 2020 онд 336 мянга болж хоёр дахин буурсан нь ковидтой холбоотой.

Үүнээс музей үзсэн хүүхдийн тоо 116 мянга гаруй байгаа. Нөгөөтэйгүүр, хадгалах, судлах, харилцаа холбоо үүсгэх, боловсрол олгох гэсэн музейн үндсэн дөрвөн үүргийг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Музейн тухай хуульд холбогдох заалтыг нь тусгасан.

Жишээ нь, Музейн тухай хуулиар 16 хүртэлх насны хүүхдийг музей үзэхэд үнэ төлбөргүй болгосон. Үүн дээрээ түшиглээд байгаль, түүх, газарзүй гэх мэт хичээлийг музейд явуулдаг сонгодог арга барилыг нь дэлгэрүүлэх бодлого баримталж байгаа юм. Ингэснээр музей нь бусад боловсролын байгууллага, ялангуяа сургуулиудтай хамтран мэдлэг боловсруулах, түгээх зэрэг боловсролын хөтөлбөрүүд явуулах замаар албан ба албан бус боловсрол, насан туршийн боловсрол олгоход хамтран оролцоно гэсэн үг. Энэ мэтчилэн музейн үүргүүдийг илүү тодорхой, бодитой болгоход бодлогоо чиглүүлж байгаа.

-Музейг анги танхимаараа үздэг сайхан уламжлал дахиад дэлгэрэх юм байна гэж ойлголоо. Өөрөөр яаж музей үзэх сэдлийг төрүүлж болох вэ. Амралтын өдөр ам бүлээрээ музей ордог хандлагыг нэмэгдүүлмээр санагддаг?

-Яах аргагүй музейн үзмэрүүд байнга байж байдаг гэж бодоход нэг үзмэрийг хүнд яаж хоёр үзүүлэх вэ гэдэг нь музейн маркетинг, менежмент, мэдрэмжийн асуудал гэдэг нь ойлгомжтой болж байгаа юм.

Тиймээс музейн сан хөмрөгийг сонирхолтой үзүүллэг дэглэлттэй байхад анхаарч байна. Бид өнгөрсөн оны 11-р сард “Хорин нэгэн Дара эх” тусгай үзэсгэлэн гаргаж, илүү орчин үелэг, шинэлэг уур амьсгалтай маркетинг, менежментээр дэглэж, зохион байгуулсан. Энэ өдрүүдэд үзэсгэлэнгийн танхим дүүрч, үзэгчдийн хүсэлтээр хугацааг дахин сунгасан. Үүнээс бид музейн маркетинг, үйлчилгээг сайжруулчихвал музей үзэх сонирхолтой иргэд олон байгаад сэтгэл өндөр байна.

Үүнтэй адил насны бүлэг, улирлын чанар зэрэгт нь тааруулж, музейн уур амьсгалыг өөрчилж, тухайн цаг мөчдөө тохирсон арга хэрэгсэл ашиглах нь зөв гэж үзэж байгаа.

Тиймээс он эхэлмэгц соёлын өв, музейн шинэчлэл зэрэгт илүү ач холбогдол өгч, хүүхэд залуучууд руу чиглэсэн бодлого баримталж эхэлсэн. Соёлын яаманд болон надад музейтэй холбоотой ирж байгаа ихэнх санал гомдлын дийлэнх нь музейн үйлчилгээний тухай байсан. Карт уншдаггүй, цахимаар төлбөр тооцоо хийж болдоггүй гэх мэт. Тиймээс эдгээр асуудалд анхаарч музейн тасалбарыг цахим болгож, цаг үетэйгээ нийцсэн үзүүллэг дэглэлттэй байх, уян хатан байдлаар багц тасалбар гаргах гэх мэт ажлууд эрчимтэй өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Монголын театрын музей, Монголын үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Монголын уран зургийн галерей төлбөрийн цахим үйлчилгээг нэвтрүүлээд байна. Тасалбараа онлайнаар аваад, урьдчилаад үзмэр тайлбарлагчаа захиалах зэрэг цаг үеийн зайлшгүй өөрчлөлтүүд өрнөж байна.

Мэдээж музейг хүн үзэх тусам тэнд үндэсний түүх, соёлоо танин мэдэх, өвлөн уламжлах үйл явц явагдаж л байна гэсэн үг.

-Музейн өөрийнх нь үйл ажиллагаа, хадгалалт хамгаалалтын асуудал ямар түвшинд байдаг юм бэ?

-Музейн хадгалалт, хамгаалалтад зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа. Манай улсын музейд байгаа соёлын өвүүд, түүхэн дурсгалууд нь зөвхөн манай улсын гэлтгүй хүн төрөлхтний байгалийн болон соёлын олон төрөл зүйлийг төлөөлдөг учраас өвийн хадгалалт, хамгаалалт, дамжуулалтад музей маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бид өнгөрсөн хугацаанд 36 музейд дохиолол хамгааллын систем, хадгалалт хамгаалалт нь ямар байгааг судалж үзээд аюулгүй байдлыг нь хангах техник хэрэгслийн шинэчлэлтийг эхнээс нь хийгээд эхэлсэн. Ямартай ч энэ оны төсөвт хадгалалт, хамгаалалтын чиглэлд 2 тэрбум төгрөгийн санхүүжилт батлуулсан.

Үүнээс гадна музейн барилгын сэргээн засварлалтын ажлууд бий. Чойжин ламын сүм музей гэхэд л “Гол сүм”-ийн дээврийн сэргээн засварлалтын ажил хийгдсэн. Энэ жил бид иж бүрнээр нь сэргээн засварлах хөрөнгийг улсын төсөвт суулгаж, ажил эхлүүлэхээр бэлтгэлээ базааж байна. Энэ мэтчилэн музейн барилга байгууламж, үзмэр, сан хөмрөг, сэргээн засварлалт, боловсон хүчнийг чадавхжуулах зэрэг ажлууд хурдацтай үргэлжилж байгаа.

-Энэ оны төсөвт музейн хөрөнгө оруулалт харьцангуй өндөр туссанд баяртай байна. Сая та боловсон хүчний асуудлыг дурдаж байна. Боловсон хүчнийг бэхжүүлэх тал дээр ямар бодлого баримталж байна?

-Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар соёлын ажилтны эрх үүргийг тодорхой болгосон. Тэр дундаа соёлын ажилтны үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулах зүйл, заалт хуульд оруулсан. Үүгээр соёлын ажилтан нэмэгдэл урамшуулал авах, мэргэжлийн зэргээ үнэлүүлэх зэрэг боломжтой болсон. Жишээ нь, нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын ажилтанд 5 жилд тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгоно гэж заасан байгаа. Мөн соёлын ажилтанд мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох асуудал ч хуульд туссан.

Музейн ажилтан ч ялгаагүй соёлын ажилтан гэх нэр томьёонд багтана. Мөн дээрээс нь Музейн тухай хуулиар музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалтанд найман жил тутам нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасан. Өнөөдрийн байдлаар энэ мөнгөн урамшууллыг авах төрийн болон орон нутгийн өмчийн 35 музейн 36 ажилтны 351 сая төгрөгийг улсын төсөвт суулгасан байгаа. Энэ нь музейн ажилтнуудад нийгмийн асуудлаа шийдэхэд нь багагүй дэмжлэг болно гэж бодож байна. Ер нь, музейн бүх боловсон хүчнийг тасралтгүй сурч боловсрох, мэргэжил дээшлүүлэх боломжоор ханган үр дүнтэй ажиллах хүчнийг хадгалан авч үлдэх хэрэгтэй гэсэн бодлого баримталж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Соёлын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top