x

Н.Тавинбэх: Цахилгаан, дулааны хөнгөлөлт зогссоноор ачаалал буурч зүй бус хэрэглээ багасна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхтэй ярилцлаа.

-Эрчим хүчний хараат бус байдлаас гарах үүднээс хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээ эрх баригч намын дарга зарлалаа. Гэхдээ үүнийгээ яг ажил хэрэг болгож чадах болов уу. Учир нь тэдгээр дотор “хийнэ” гэж улиг болтлоо яригдсан хэрэгждэггүй төслүүд байна л даа?

-Монгол Улсын эрчим хүчний салбар өнөөдөр чадлын дутагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлээсээ хэрэглээ нь давсан гэсэн үг. Ялангуяа өнөөдрийн байдлаар оргил ачааллын цагт дотоодын үйлдвэрээс давсан хэрэглээг импортын хэрэглээгээр хааж байна шүү дээ. Тиймээс намын даргын илтгэлд гарсан “Эрчим хүчнийхээ нийт хэрэглээний 20 орчим хувийг импортоор хангаж байна” гэдэг нь ийм учиртай. Олон улсын жишгээр бол дор хаяж 20 хувийн нөөцтэй байх ёстой. Аюулгүй байдал талаасаа ч тэр, мөн ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчнийхээ хэрэглээг хангахуйц эх үүсвэрийг барьж байгуулах ёстой шүү дээ. Энэ асуудал Намын даргын илтгэлд гарч байгаа юм.

Өнөөдөр чадлын дутагдалд орчихсон учраас шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулах ажлыг богино хугацаанд эрчимтэй хийх ёстой. Заавал хийх ёстой. Ерөнхий сайдын илтгэлд гарсан өөр нэг зүйл нь, дулааралтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй эрчим хүчний төв эх үүсвэрүүдийг төрийн бодлого болгож гаргая. Тухайлбал, цөмийн болон устөрөгчийн эрчим хүчийг гэж ярьж байгаа. Ойрын ирээдүйд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний эх үүсвэрүүдээ барьж ашиглалтад оруулъя.

Таван толгой дулааны цахилгаан станцаа маш шуурхай дуусгая. Дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эх үүсвэрүүдээ ашиглалтад оруулъя. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барина гэж хэлж байгаа. Ер нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд 16 эх үүсвэрийг шинээр төлөвлөсөн. Үүний хоёрыг нь сая нэр дурдлаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих талаар үе үеийн УИХ, Засгийн газрын түвшинд яригддаг. Баригдах гэхээр гацаа үүсчихдэг шүү дээ. Ийм байдал үүсчихгүй биз дээ, сайд аа?

-Эрдэнэбүрэний усан цахилгаан станцыг барих бүх бэлтгэл ажил хийгдсэн. Олон жил бид ярьж байгаа нь үнэн. Санхүүжилт шийдэгдсэн. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулчихсан. Барилгын угсралтыг хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. 2022 оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга байгууламж, угсралтын ажил эхлэхтэй холбоотой тус газарт ойролцоогоор дөрвөн км хүртэлх өргөнтэй, 23 км урттай усан сан шинээр бий болно. Усан сан байгуулагдах газарт одоо ажиллаж, амьдарч байгаа газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэд нөлөөлөлд автсан.

Өөрөөр хэлбэл, тэр газрыг чөлөөлж өгөх хэрэгтэй байгаа юм. Тэдгээр иргэдээс гомдол, санал гарч байгаа. Энэ бол буруутгах аргагүй. Малчид олон жил нутагласан газар нутаг, бизнесээ орхино гэдэг бол амаргүй. Тиймээс бид энэ төсөл хөтөлбөрөө ч хэрэгжүүлнэ. Нөлөөлөлд автсан иргэддээ ч нөхөн төлбөр, нүүлгэн шилжүүлэх зардлыг төр гаргаж одоо байгаа амьдралын түвшнээс нь дордуулахгүйгээр энэ ажлыг хийх учиртай.

-Зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дотоодоос гадна гадааддаа ч ойлголцох шаардлагатай байх шиг. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц барих Монголын төсөлд ОХУсөрөг байр суурьтай байгааг илэрхийллээ шүү дээ?

-Дэлхийн дулааралтай холбоотой хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотойгоор дэлхий нийтээрээ эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү шилжинэ гэж байна. Бид ч ингэж шийдэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд арвин эрчим хүчний нөөцтэй. Энэ чиглэлээр сайн судалгаа тооцоо хийгдчихсэн байгаа. Эгийн голд 310 мВт-ын усан цахилгаан станц барих боломжтой гэсэн тооцоо судалгаа гарсан. Бусад бэлтгэл ажлууд хийгдчихсэн байна лээ. Олон улсын гэрээ конвенцоор улс дамжин урсдаг голуудад ямар нэгэн хөрөнгө оруулалтын ажил, тэр дундаа усан цахилгаан станц барих гэж байгаа бол дамжиж гарч байгаа улсуудтай ойлголцох ёстой. Би ОХУ-ын нөхдүүдийн тавьж байгаа саналыг ойлгох ёстой, зөв зүйтэй санал гэж үзэж байгаа. Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь уг голоос салбарлан тэжээгддэг гол мөрний байгаль орчны нөлөөлөл үзүүлэх үү, үгүй юү гэдгийг тодорхой болго гэж оросууд хүсэлт тавьж байгаа. Бид энэ хүсэлтийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж байгаа. Энэ чиглэлээр нэлээн сайн мэргэшсэн Францын компани хийж байгаа. Үнэлгээ хийх компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулсан. Үнэлгээний ажил 2022 оны долдугаар сар гэхэд дуусна. Энэ үнэлгээний ажил дуусаж нөлөөлөлтэй эсэх нь тодорхой болсны дараа Эгийн голын усан цахилгаан станцыг барих эсэх асуудлыг ОХУ-тай эргэж ярих боломжтой.

-Эрчим хүчний салбарыг төсөв мөнгөгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэтэл манай улс одоо үйлдвэрлэж байгаа эрчим хүчээ илүү хямд өртгөөр хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Энэ асуудлыг засахын тулд тарифаа нэмэх ёстой юу?

-Өнөөдөр эрчим хүчний салбарын бодит байдлын талаар иргэд нийгэм, шийдвэр гаргах түвшний хүмүүс маш сайн мэддэг болж ярьж эхэлж байгаа нь их сайн хэрэг. Авах арга хэмжээгээ ч бид тодорхой болгож эхэлж байна. Эрчим хүчний салбар 2020 оны жилийн эцсийн балансаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Алдагдалтай ажиллаж байгаа гол шалтгаан нь хэрэглэгчийн үнэ тарифыг өртгөөс нь доогуур удаан хугацаанд барьсантай холбоотой. Манай хуулиар цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэгчийн үнийг Эрчим хүчний зохицуулах хороо хариуцдаг. Хараат бусаар шийдвэр гаргадаг байгууллага л даа. Эрчим хүчний зохицуулах хорооны гаргасан тооцоо судалгаагаар өнөөдөр байгаа цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг дор хаяж 20 хувиар нэмэгдүүлэх ёстой гэсэн байгаа юм. Ингэж нэмэгдүүлж байж өртгөө нөхнө. Бид ашгийн тухай яриагүй. Зөвхөн өртгөөр нь алдагдалгүй ажиллах үнийн тухай ярьж байгаа юм. Би үнэ нэмэгдэх ёстой гэж бодож байна. Үнэ нэмснээр эрчим хүчний салбар өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах санхүүгийн боломжтой болно. Алдагдалгүй болсноор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт орох боломж нээгдэх ёстой гэж харж байгаа. Үнэтэй бүтээгдэхүүн хэтэрхий хямд үнэтэй байгаа нь зүй бус хэрэглэхэд хүргэж буй гэж бодож байна.

-Үнийг нэмэгдүүлэх ёстой гэж олон жил л ярьж байна л даа. Гэхдээ бодит байдал дээр ажил хэрэг болгож чадахгүй байна. Энэ нь Засгийн газар иргэддээ таалагдах гэсэн олон нийтийн эсэргүүцлээс айсан үйлдэл үү?

-Нэгдүгээрт, улс төрийн нам эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг шийддэггүй. Эрчим хүчний зохицуулах хороо хуулиар ийм шийдвэр гаргах эрхтэй. Эрчим хүчний зохицуулах хороо ажлаа хийх ёстой. Хэрвээ цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг нэмэхгүй бол бид цахилгаан дулааны эрчим хүч дээр доголдол гарах эрсдэлтэй нөхцөл байдал руу өдрөөс өдөрт ойртсоор байна. Ерөнхий сайд хэвлэл мэдээллээр нээлттэй хэлсэн. Бид энэ зарчимгүй байдлаас гарч цахилгаан дулааны эрчим хүчний үнийг үе шаттайгаар индексжүүлж өртөг рүү нь ойртуулж чөлөөлнө гэсэн. Гэхдээ ер нь энэ цаг үед ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг ярихад түвэгтэй байна. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлээс болж иргэдийн амьдрал маш хүнд байна. Тиймээс үнийн нэмэлтийг мэдрэмжтэй, хэрэглэгчид энэ ачааллыг даах хэмжээнд зохицуулах ёстой.

-Иргэдийн амьжиргааны түвшин өдрөөс өдөрт дордож байгаа энэ үед ус, цахилгаан, дулааны үнийг тэглэсэн арга хэмжээгээ хагас жилээр ч болтугай сунгах боломж бидэнд бий юү?

-У.Хүрэлсүх даргыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Засгийн газар дээр бид маш сайн ярьж байгаад эдийн засгийн хүндрэлтэй үед, тэр дундаа хөл хорио тогтоосон бүх бизнесийн үйл ажиллагааг хорьсон энэ үед цахилгаан, дулаан, усны төлбөрийг жилийн хугацаанд тэглэсэн. Эхлээд 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай тэглэсэн. Тэр тогтоолын хугацаагаа дахиж сунгаж 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгасан. Ингээд 13 сарын хугацаанд төрөөс даахаар шийдвэр гаргасан. Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Засгийн газар энэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс авч хэрэглэгчдийн өмнөөс төлсөн. Өнөөдрийн байдлаар тус тогтоолын хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болох ёстой. Харин сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлт бол 2022 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тогтоолын хугацаанд өөрчлөлт оруулах тухай асуудал өнөөдөр Засгийн газарт албан ёсоор огт яриагүй байгаа. Тиймээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тогтоолын хугацаагаар энэ хөнгөлөлт, төлбөрийн хариуцалт дуусна гэж ойлгож болно.

-Та салбарыг удирдаж байгаа сайдын хувьд төлбөрийг тэглэх хугацааг сунгах асуудалд ямар байр суурьтай байна?

-Монгол Улсын Засгийн газар үр дүнтэй олон арга хэмжээг үе, шаттай авснаар Ази тивд ковидыг давсан хамгийн анхны улс болж магадгүйгээр байгаа шүү. Өнөөдөр та ковидын өвчлөл, халдварын тархалтыг харж байгаа биз дээ. Өдрөөс өдөрт бууж байгаа. Энэ бол бидний авсан арга хэмжээний үр дүн урт хугацаандаа гарч байна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг бид сэргээсэн. Тиймээс үнийг төр хариуцах арга хэмжээг одоо зохицуулах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрсон аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, эрчим хүчний салбар ч маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Улсын төсөвт төвлөрөх ёстой татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байгаа. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-нээс тасалбар болгох нь зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрийг өөрсдөө төлөөд явах боломжтой болж байгаа гэж харж байна.

Засгийн газраас ус, цахилгаан, дулааны төлбөрийг дулааны уурын төлбөрийг даасантай холбоотойгоор харамсалтай нь хэрэглээ их өсч байгаа. Тэр дундаа зүй бус хэрэглээ өсч байгаа. Энэ нь эрчим хүчний салбарын ачааллыг нэмэгдүүлж байгаа. Алдагдалтай ажиллаж байгаа салбарын зардлыг өсгөж байгаа. Энэ хөнгөлөлт зогссоноор ачаалал буурч зүй бус хэрэглээ багасна гэж харж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top