x

МАН-ын МАН-тайгаа “байлдаж олсон” шударга ёс хаачсан бэ?!

Урьд нь бид Монголын төр дампуурчээ, улс төр нь дампуурчихлаа гэж нийтээрээ бухимддаг, шүүмжилдэг ч байлаа. Одоо бодоход тэр ч гэсэн сайхан цаг байж. Ядаж л хаанаа алдаж асгаад, бохирдож булингартаад байгааг хэлж чаддаг, мэддэг байв. Атал өнөөдөр монголчууд нийтээрээ дампуурчээ. Амьдрал ахуй, эдийн засгаараа дампуураад зогсохгүй оюун бодол, итгэл үнэмшлээрээ дампуурсан байна. Энэ нь зөвхөн өнгөрсөн хоёр жил үргэлжилсэн ковидоос болоогүй ч юм шиг байна. Ковидоор шалтаглан иргэдийнхээ эрх, эрх чөлөө, дуу хоолойг хорьж цагдсан эрх баригчдын дарангуй зангаас болсон бололтой. Хоёрхон жилийн хөл хорио биднийг ийм үхээнц болгож байгаа юм чинь дахиад 20 жил өнгөрөхөд бид юу эсийг үзэх бол оо?

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн өмнөх өдөр иргэн Д.Монголхүү, No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр нарыг баривчилж цагдан хорьсноос хойш хорь хоног өнгөрлөө. УИХ-ын гишүүн асан Б.Жавхлан талбай дээр суулт зарлаад 14 дэх өдөртэйгөө золгож байна. Д.Монголхүү, Э.Одбаяр нарын жагссан шаардлага бол маш тодорхой. “Ковидыг дарж чадахгүй иргэдээ үхүүлсээр байгаа Засгийн газартай хариуцлага тооцъё, Засгийн газар огцор оо! Эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй хуулиар иргэдээ дарангуйлахаа боль оо!” л гэсэн. Тэрнийхээ төлөө баривчлагдаад 20 хоног шоронд сууж байна. Өдөр хоног өнгөрөхийн хэрээр хоёр залуугийн хийсэн тэмцэл, тэмцлийн шалтгаан ч бас бүдгэрч “Ер нь эд хэний төлөө жагссан юм? Бидний төлөө лав биш байх аа” гэх маягийн хэл яриа, хөдөлгөөн өрнөөд эхэллээ. Зарим нь “Жавхланг хорьж чадахгүй бол Д.Монголхүү, Э.Одбаярыг сулла” гэнэ. Сүүлдээ бүр шоронд байгаа хоёрыгаа суллуулах тухай биш, Самандын хүүг араас нь явуулах тухай болоод явчихав уу, яав. Цагдаа нар нэг өдөр Жавхланг бариад явчихвал тэгээд асуудал шийдэгдчих юм байна л даа.

Ер нь бол Монгол ардчилсан улс мөн л юм бол энэ улсын иргэн хэн ч бай үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхтэй. Үндсэн хуулиар иргэнд олгогдсон маш чухал эрх, эрх чөлөө. УИХ-ын гишүүн байсан хүн байтугай УИХ-д 65 суудалтай намын бүлэг нь тэр чигээрээ гарч ирээд талбай дээр жагсаж байлаа шүү дээ, шударга ёсны төлөө. Гэтэл өнөөдөр МАН-ын МАН-ынхаа эсрэг “байлдаж олсон” нөгөө шударга ёс хаачсан бэ?

Тэр жагсаалын ач буянаар ажил, албан тушаалд хүрсэн улстөрчид, сайд, дарга нарын хувьд шударга ёс тогтсон байж болох ч өөр бусдынх нь хувьд шударга бус байна гэж үзсэн учраас л иргэд жагсаж, цуглаж байгаа шүү дээ. Ийм зүйлийг иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг бол төрийн биш, улс төрийн ч биш, улс үндэстний дампуурал. Дарангуйлал руу торох юмгүй гулсаж буйн тод жишээ. Байтлаа өөрсдийнх нь төлөө үг хэлсэн, шүүмжилсэн хүмүүсийг “Ард нь хэн байна? Хэний, юуны төлөө жагсаад цуглаад байна?” гэж хардах сэрдэх маягтай. Үг хэлж, шүүмжилж байгаад нь биш, шүүмжлүүлж байгаа этгээдүүдэд жигтэйхэн хайртай болчихсон.

“Иргэн” Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу сүүлийн нэг сар лайваар эрх баригчдын идсэн уусныг тоочиж, шүүмжиллээ. Тэгсэн чинь бас л “Аргагүй том артай юм аа. Тиймгүй бол Ц.Нямдорж, Д.Сумьяабазар хоёртой ингэж ил тод үзэх аавын хүү байхгүй дээ” гэнэ. Бүр нэг тийм үхээнц. Тэгээд ашгүй, ар талд нь хэн байгааг олж тогтоосон юм байлгүй, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ нарыг “агуу улстөрч, хүндэлж биширдэг” гэсэн утгатай Д.Мөнх-Эрдэнийн зураг, гарын үсэгтэй постер хийгээд олон нийтийн сүлжээгээр тараагаад эхэлсэн байна лээ. Тийм өөдгүй. Гайгүй нэг зовхи нь өөдөө залуучууд гарч ирээд үг, үзэл санаагаа хэлээд эхлэхээр заавал нэг үеэ өнгөрөөсөн, нийгэмд нэр нүүрээ барсан хуучин улстөрчид дээр аваачиж наагаад, холбож байгаад зоддог. Бодоход нөгөө нэр усаа цоллуулсан, идсэн ууснаа уудлуулсан нөхдийн явуулга байх л даа. Гэхдээ тэрийг нь нийтээрээ хүлээж аваад, итгэж үнэмшээд байж боломгүй. Бидний энэ арчаагүй, урваж шарвамтгай, ухарч няцамтгай байдал эрх барьж байгаа нөхдөд л ашиг завшаан болно.

Д.Мөнх-Эрдэнэ ч гэсэн бусдын л адил алдах амьтай, ардаа амьдралтай хүн. Хэн дуртай нь “Туу” гэхээр харсан болгоноо зуугаад явна гэж байхгүй. Яалт ч үгүй эрх барьж байгаа нөхдийн дур зорго, дээрэлхүү, дарангуй байдал хэрээс хэтрээд байгаа учраас өөр өөрийн аргаар тэмцэж байна. Ийм залуустаа дэм болж, дэмжиж тулах ёстой юмсан, уг нь. Түүнээс биш эрх мэдэлтэй нөхдийн хутганы үзүүр, сэлэмний ир болоод тал талаас нь боорлоод, зориг зүрхийг нь мохоогоод, ганцаардуулаад баймааргүй байна аа.

Өмнө нь жагсаалыг жагсаалаар дардаг байсан МАН өнөөдөр соошлаар дардаг технологитой болж. Яасан ч их мөнгөтэй, яасан ч олон их бууны нохойтой юм. Өмнөх долоо хоногт хэвлэлээр баахан шантаажилсан. “Тэвдсэн Мөнх-Эрдэнэ тэмцэгч болох уу?” гэж ирээд. Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын захиалгаар АТГ-т өмнө нь шалгагдаад хаагдсан хэргээр нь өнөөдөр дахиад хавтаст хэрэг нээж байна. Араас нь хотын дарга Д.Сумьяабазар өөрийг нь гүтгэсэн гэж цагдаад гомдол гаргав. Хотын дарга, Хууль зүйн сайд хоёртой уулзахаар хоёр өглөө ажлынх нь үүдэнд лайв хийгээд л шорон... Ёстой нөгөө бөөсөнд хутга гэгч л болж байна. АТГ, цагдаа нь ч бүр гаршчихсан. “Хулгай гарчихлаа шүү” гэхээр хулгайг нь шалгахын оронд хулгайчийг зааж өгсөн хүнийг нь барьж хориод байх янзтай. Тэгэхээр хэн нь илүү артай, бяртай харагдаж байна даа?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 2 цаг 46 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 4 цаг 57 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 5 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 5 цаг 30 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 5 цаг 34 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 5 цаг 40 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 5 цаг 43 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 6 цаг 3 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 7 цаг 1 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 7 цаг 2 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 7 цаг 4 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 7 цаг 17 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 7 цаг 18 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 7 цаг 19 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 7 цаг 20 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 7 цаг 21 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 9 цаг 34 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 11 цаг 3 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 11 цаг 51 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 12 цаг 35 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top