УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төсөлтэй холбоотой үл ойлголцол үүсэхээр мэдээллүүд цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Тиймээс энэ хуулийн гол зорилго нь юу байсан, Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон шалтгаан юу вэ гэдгийг тайлбарлая.
Бид 2020 оны Есдүгээр сараас хөрөнгө оруулалтын чуулгануудыг зохион байгуулж, 2021 оны нэгдүгээр сард мэдээлэл технологийн компаниудыг гадаадын зах зээлд хэрхэн гаргах талаар ажлын хэсэг байгуулаад, 30-аад компанитай хамтарч ажиллалаа. Мөн МҮХАҮТ болон бусад танхимуудтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнгөрөгч тавдугаар сард яг одо о яригдаж байгаа хуулийн төслөөр МҮХАҮТ-д хэлэлцүүлэг зохион байгуулж, зургадугаар сард хуулийн төслөө УИХ-д өргөн барьсан.
Хуулийн төсөл дэх хөрөнгө оруулалтын босго буюу Монгол Улсад бизнес эрхлэх хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурснаас болоод хуулийн талаар үл ойлголцох байдал үүссэн гэж харж байна.
Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн 118 оронд хөрөнгө оруулалтын ямар нэгэн босгогүйгээр бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020-2021 онд 70-аад оронд тэр босгыг тэглэж, хөрөнгө оруулалтын орчноо улам таатай болгосон. Харамсалтай нь энд Монгол Улс багтаагүй. Тиймээс бид Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулах үүд хаалгыг нээх зорилго агуулан энэ хуулийн төслийг боловсруулсан.
Бид старт ап-ууд, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль эрхзүйн орчныг бий болгохгүй бол зөвхөн Рио Тинтогийн хөрөнгө оруулалтыг ярьсаар сүүлийн 10 жилийн өнгөрөөлөө.
Өнөөдөр хуулийн процесс яаж явдаг вэ гэхээр гадаадын хөрөнгө оруулагч Монголын аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт хийхийн тулд мөнгөө түр дансанд байршуулаад, гэрчилгээ гарсны дараа аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг авдаг. Энэ хугацаа нь 1-2 сар. Цар тахлаас болоод Монголд гадны иргэд ирэх боломжгүй болсон. Харин E Mongolia платформыг ашиглан компани нээх, аж ахуйн нэгжийн улсын бүртгэл авах боломжтой болсон. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго нь гадаадын иргэн ч бай Монгол Улсын иргэн ч бай компани байгуулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.
100 мянган ам.долларын босгын тухайд, гадаадын хувьцаа эзэмшигчдийн тоогоор 100 мянган ам.доллар орж ирсэн байх ёстой байдаг.
Тухайлбал, 10 хувьцаа эзэмшигчтэй компанийн ес нь гадаадын иргэн байлаа гэж бодоход тус бүр 100 мянган ам.доллар байршуулах асуудал яригдана. Хэрэв Монгол Улсын иргэн 50 хувийг нь эзэмшье гэх юм бол 1.1 сая ам.доллар гаргах асуудал үүчихээд байгаа юм. Тиймээс энэ босгыг бууруулах зайлшгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нэр томьёо байхгүй болно.
Хөрөнгө оруулалт гэдэг бол байшин сав авах үйл явц биш. Хөрөнгө оруулалт гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийн хувьцаанд нь хөрөнгө оруулж, хувь эзэмшихийг хэлж байгаа юм. Байр, машин авснаар хөрөнгө оруулалт болно гэж зарим гишүүн эсэргүүцэж байсан. Тэр бол ташаа ойлголт" гэлээ.
Дашрамд, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хамт УИХ-д өргөн барьсан П.Анужин, Д.Өнөрболор нар уг хуулийн төслийг эгүүлэн татахаа мэдэгдээд байгаа.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн төслийг нэг жилийн хугацаанд боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, өргөн бариад явж байна. Бид өнгөрөгч тавдугаар сард өргөн барих гэж байгаа төслөө МҮХАҮТ-аар хэлэлцүүлсэн. Тэгэхэд УИХ-ын дарга болон Д.Өнөрболор гишүүн байсан. УИХ-ын гишүүн хэлэлцүүлгийн аль ч шатанд хуулийн төслөө эгүүлэн татах эрхтэй байдаг. Тэр эрхээ л эдэлж байна гэж харж байна. Энэ асуудлыг УИХ-ын Тамгын газарт хэлэлцээд шийдэх байх. Түүнээс биш хуулийн төсөлд цэг, таслал ч нэмж хасаагүй" гэлээ.