Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотноо зохион байгуулагдаж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-ын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаевтай ажлын уулзалт хийв.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотолж, Монгол, Киргизийн дипломат харилцааны 30 жилийн ойн босгон дээр Р.А.Казакбаев сайдыг Монгол Улсад айлчлахыг урилаа.
Талууд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг хэрхэн сэргээн хөгжүүлэх талаар ярилцаж, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 4 дүгээр хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг дэлгэрэнгүй хэлэлцэхээр тогтов.
Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Р.А.Казакбаев ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлж, иргэдийн солилцоог дэмжих үүднээс шууд нислэг үйлдэх боломжийг хоёр талдаа судалж үзэхийг санал болголоо.
Тэрээр мөн энэ оны Арваннэгдүгээр сард болох Киргизийн парламентын сонгуулийг ажиглахыг урив.