Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ өдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа.
Мөн АН-аас хариуцлага нэхэх "Одоо боллоо" цуглаан хийж, Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, огцруулахыг шаардлаа.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Манай улс ковидын нас баралтаараа дэлхийд тэргүүлжээ. Гэтэл "Цахим үндэстэн" шоу хийж байна. Арчаагүй засагтай байгаадаа өнөөдөр ахмадуудаасаа хүлцэл өчиж байна. Эрх баригчид засаг бариад зургаан жил болж байна. Хэдхэн хоногийн өмнө шатахуун тасарлаа. Энэ төр, засагт амралт гэж байх ёсгүй. Энэ Засгийн газар шиг эрх мэдэлтэй Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй. Өнөөдрийн жагсаал бол анхааруулсан жагсаал. Цаашдаа бид Засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, УИХ-ыг тараана" хэмээн мэдэгдлээ.