x

Д.Амартүвшин: Хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байна

“Comedy Lab” клубийн комедиан Д.Амартүвшинтэй ярилцлаа.

-Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж танд хэрэг нээсэн талаарх мэдээлэл бий. Таныг буруутгах болсон шалтгааныг цагдаагаас тайлбарласан уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, үнэхээр шүүх хурал болох хүртэл томоохон асуудал үүссэн юм уу?

-Намайг плашмоб зохион байгуулж, Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж байгаа юм билээ. Тэр үед /зургадугаар сарын 28-нд/ “Гашуудал, гацалт” нэртэй плашмобд оролцож үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань хоорондоо 2-3 метрийн зайтай зогсож халдвар хамгааллын дэглэмээ баримталсан. Талбайн өмнө ердөө гурван минут л эсэргүүцлийн дуу хоолойгоо хүргэхээр зогсоцгоосон шүү дээ. Ерөөс үйлчилгээний байгууллагууд 490 хоног цалин орлогогүй болж гацсан, ямар ч үйл ажиллагаа явуулсангүй, иргэдийн ажил орлого нь хязгаарлагдсан энэ өдрүүдэд банкны татвар, хүү зогсоогүй, зүгээр хойшилсон нэрийдэлтэй л байсан.

Ийм хүнд нөхцөлд орсон иргэд маань жагсаал цуглаан зохион байгуулж болохгүй учраас үүнийг ямар нэгэн байдлаар илэрхийлэх шаардлагатай болсон. Улмаар намайг Гамшгийн тухай хууль зөрчсөн хэмээн үзэж, 500 нэгжээр торгох, эсвэл 7-30 хоног баривчлах зүйл заалтаар буруутгасан. Ингээд энэ сарын 26-нд шүүх хурал боллоо. Энэхүү хурлын үеэр ялын дүгнэлтээ харсан. Намайг жагсаал цуглааны тухай хууль зөрчсөн хэмээх заалтаар нэмж буруутгасан байна лээ.

-Нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүх хурал 14 хоногоор хойшилсон гэв үү?

-Тийм ээ. Цагдаагийн зүгээс бүрдүүлсэн баримт нотолгоо нь шаардлага хангахгүй байсан учраас хурлыг хойшлуулахаар боллоо. Миний хувьд өмгөөлөгч Б.Даваажавтай хамт шүүх хуралдаанд орсон. Хэрвээ өмгөөлөгчгүй бол нөхцөл байдал хүндрэх магадлалтай байсан гэж хувьдаа бодож байна. Өмгөөлөгчийн маань зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал дэвшүүлсэн.

Тодруулбал, нөгөө талаас буюу цагдаа нотлох баримтын шаардлага хангаагүй материал бүрдүүлж ирсэн учраас тэр хэргийн үнэн эсэх нь эргэлзээтэй болчихож байгаа л даа. Харин шүүгчийн зүгээс нотлох баримтуудыг дахин бүрдүүлж хуульд нийцүүлээд 14 хоногийн дараа хурлаа хийе гэсэн. Айхавтар том эрүүгийн хэрэг биш, зөрчлийн хэрэг учраас сайн хуульчтай болохоор гайгүй л гэж бодож байна.

-Манай нийгэмд үг хэлсэн, үнэнийг ярьсан хэн нэгнийг эдийн засгаар цензурдаад байх шиг. Зөрчлийн хуулийн 5.13.2 гэдэг заалт буюу Гамшгийн тухай хууль зөрчсөн бол 500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 500 мянган төгрөгөөр торгох, эсвэл 7-30 хоног баривчилна гэсэн заалттай юм байна?

-Эдийн засаг болон эрх чөлөөг нь хаах замаар хүний үндсэн эрхэд халдаж хэзээ ч болохгүй. Үүний эсрэг дуугарах хэрэгтэй. Энэ бол үндсэн хуульд бүдүүлгээр халдаж байгаа явдал. Үг хэлснийхээ төлөө торгуулах нь бүү хэл саатуулагдах ч ёсгүй. Үүнийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн үед үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэд маань өөрийн цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл санаагаар хохирч байгаа жишээ цөөнгүй ажиглагдах боллоо. Таны хувьд цагдаа шүүхээс хэр их дуудагдаж байна вэ?

-Би твиттерт пост оруулсныхаа төлөө гурван удаа цагдаа дээр дуудагдсан. Ямар ч прокурорын бичиггүй мөртлөө миний биеэс дээж авах хүртэл гэсэн тохиолдол гарч байлаа. Энэ өвөл твиттер хуудастаа “ингэж өлсөж байхаар” гээд пост бичсэн чинь Эрүүгийн цагдаа болон Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газраас дуудаад тодруулга авч, анхааруулга өгсөн. Түүнчлэн “халдвар хамгааллын дэглэмээ бариач ээ” гэж хэлснийхээ төлөө бас цагдаад байцаагдсан.

Манай улсад үг хэлэх эрх чөлөө боогдмол байгаагийн нэг илрэл нь над дээр тохиолдож байна. Уг нь хуулийн байгууллага иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй ч, манайд бол эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг болчихоод байгаа юм уу даа. Цар тахлын хуулийг зөрчиж бүхэл бүтэн сонгууль зохион байгуулсан. Үүний дараа вирусийн дэгдэлт хэрхэн нэмэгдсэнийг нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн саруудад халдвар 3000 хүртлээ өссөн. Энэ бол сонгуулийн үр дагавар шүү дээ. Ингэж иргэдийн эрүүл мэндийг золионд гаргасан ч эрх баригчид хэзээ ч хариуцлага хүлээгээгүй. Харин эсрэгээрээ 2-3 метрийн зай баримтлаад гуравхан минут зогссон хүмүүсийг яллагдагчаар татаад шийтгэх гээд байж байна.

Үг хэлэх эрх чөлөөг зөвхөн дайны болон онц байдалд шилжсэн үед л зөрчиж болдог гэдгийг хуульд тов тодорхой заасан байдаг. Тэгтэл манайхан бусад жижиг хуулиараа үндсэн хуулиа боомилдог орон болчихсон байна л даа.

-Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Магадгүй ковидын үе нийгмийн сул талыг улам ил гаргаад байх шиг?

-Яг үнэн. Ерөнхийдөө эрхтэн дархтанууд дураараа авирладаг тогтолцоотой байсныг ковид илчиллээ. Дур мэдэж үндсэн хуулиа уландаа гишгэдэг, зөвхөн үг хэлэх эрхээс гадна хүний төрөл бүрийн эрхэд халдаж байна шүү дээ. Жишээ дурдахад, замын хөдөлгөөнийг хорих гэж байгаа бол заавал хууль гаргах тогтолцоог Англи улс мөрдөж байна. Гэтэл манайд зүгээр журмаар зохицуулаад л хүний наад захын эрхийг зөрчөөд байдаг. Энэ нь жижиг журам, захирамжаар үндсэн хуульдаа халдаад байгаагийн илрэл юм. Монгол Улсын үндсэн хууль маш эмзэг байна шүү гэдгийг л энэ цаг үед мэдэрлээ. Дээрээс нь манай эрүүл мэндийн салбар, улстөрчдийн мэдлэг, тэдний менежмэнтийн бодлого ямар байгааг ковид сайтар харууллаа. Ямар нэгэн аюул осол гамшиг тохиолдоход манай улстөрчдийн реакт менежмэнтийн мэдлэг чадвар маш муу түвшинд байна гэдгийг ковид харуулж өгсөн.

-Дуугүй байвал надад өлзийтэй гэсэн хандлага их ажиглагдах юм. Ийм хүлцэнгүй хандлага асуудлын шийдэл биш болов уу?

-Би энэ тал дээр арай өөр байр суурьтай байна. Нэг үеэ бодоход үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг үзэгдэл ард хоцорсон байна. Сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор монголчууд маань үзэл бодлоо илэрхийлж сурч байна. Магадгүй хуучин айж бэргэдэг байсан байж болох. Ард иргэдийн амьдралд олон асуудал үүсч, дээрээс нь улстөрчдийн оновчгүй шийдвэртэй холбоотойгоор иргэд маань үг хэлэхээсээ айхаа больжээ. Үүнд сошиал медиа чухал нөлөөтэй. Ямар нэгэн айдасгүйгээр зоригтой үзэл бодлоо хэлдэг залуус бий. Би өөрөө голд нь ороод, шүүх цагдаагаар явж байгаа хүний хувьд үүнийг мэдээд байгаа юм л даа. Харин ч эсрэгээрээ иргэд маань үзэл бодлоо маш сайн илэрхийлж чадаж байна. Миний хувьд тэр хүмүүсийн зөвхөн нэгээхэн хэсэг. Тэгэхээр дуугүй байвал өлзийтэй гэдэг хандлага хөлсний бичээч буюу троллуудад л байгаа болов уу. Ерөөс зургаан цагаас хойш лайв хийхээр троллууд орж ирэхгүй мөртлөө ажлын цагаар лайв хийхээр троллууд ороод ирдэг юм. Ийм л инээдтэй үзэгдэл байна.

П.Сайнжаргал

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top