-1930-2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнүүд-
Carlo Fumagalli/APВ: ДАШТ-86 тэмцээний шөвгийн тоглолтод Аргентины баг ХБНГУ-ын багийг хожжээ. Тэр тоглолтод Марадона гоол оруулаагүй. Ялалтын дараа нь Аргентины шигшээгийн хөлбөмбөгчин Хорхе Вальдано ярихдаа, хамт олон нь “ердийн 20 тоглогчтой, нэг гажигтой тоглогчтой байсан” учир өөрийн багийг тэмцээний алтыг авлаа гэсэн байв. Аргентины хөгжөөн дэмжигчид дэлхийн аваргын шувтрагын тоглолтын дараа Марадонагийн эхийн гэрийг цэцгээр “булсан” байлаа. Өнөөдөр Орост болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн нь аваргын түүхэнд 21 дэх нь болж байна.
ДАШТ-1930 – бөмбөгний төлөөх зодоон
Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа 1930 онд Урагвайд явагдлаа. ФИФА ийм шийдвэрээрээ түүний тусгаар тогтнолын 100 жилийн ойг дэмжжээ.
Сонгон шалгаруулалт байгаагүй. Байгууллагын гишүүн шигшээ бүр л оролцож болохоор байсан юм. Европоос дөнгөж дөрвөн шигшээ л далай туулах урт аяллыг зөвшөөрсөн байлаа. Аваргаар нь аргентинчуудыг ялсан Урагвайн шигшээ тодорчээ.
Тэмцээний шилдэг тоглогчоор урагвайн хамгаалагч Хосе Насасси, шилдэг мэргэн буучаар нь найман гоолтой Аргентины довтлогч Гильермо Стабиле тус тус нэрлэгджээ.
Гайхалтай нь тэр үеийн багуудад өөрийн бөмбөгөөр тоглоно гэдэг сохор итгэл газар авсан байснаас бүгд үүний төлөө ихээхэн дуулиантайгаар тэмцэлдэж байлаа. Үүний улмаас шөвгийн тоглолтыг хоёр багийн бөмбөгөөр нэг нэг таймыг явуулахаар ФИФА шийдэж байлаа.
ДАШТ-1934: фашистууд ба анхны африкчууд
Хамгийн анхны тэмцээн ихээхэн амжилттай болсон учраас дараагийн тэмцээнийг явуулах өргөдлийг олон орон гаргасан байлаа. Эцсийн дүнд нь фашизм ноёрхож байсан Итали тэмцээнийг явуулах эрх авчээ. Италийн шигшээ шөвгийн тоглолтод Чехословакийн багийг 2:1 харьцаатайгаар хожин мундиалийн аварга болжээ. Хожим италичуудын хагас хамгаалагч Луис Монти хэлснээр тоглогчдод “хожигдвол харгислал явуулна” гэж заналхийлсэн байв. Шөвгийн тоглолтын шүүгчийг хүртэл дуче Муссолини өөрөө сонгож байсан гэх.
Шилдэг мэргэн буучаар нь таван гоолтой чехословак Олдржих Неедлы шалгарсан байв. Хүрэл медалийг нацист далбаан дор тоглосон Германы баг авчээ. Хоёр дахь мундиаль түүхэнд анх удаа африкийн баг оруулсан нь Египет байлаа.
ДАШТ-1938 –XIX зууныг хаав
Тэмцээний эзнийг сонгох нь ноцтой эсэргүүцэл, дургүйцлийг дагуулсан байв. Өмнө нь ФИФА тэмцээнийг Европ, Өмнөд Америкт ээлжлэн явуулна гэж амласан байв. Гэхдээ тэр эрхийг нь Францад өгсөн байлаа. Ингээд Өмнөд Америкийн олон орнууд дэлхийн аваргын тэмцээнд ирээгүй юм.
Италичууд шөвгийн тоглолтод Унгарыг ялан хоёр дахь удаагаа дэлхийн аварга болов. Хүрэл медалийн эзэн Бразилийн шигшээгийн Леонидас найман бөмбөгтэйгээр шилдэг мэргэн бууч болжээ.
Энэ мундиалийн нэг онцлог нь анх удаагаа тоглолтуудад XIX зуунд төрсөн хөлбөгчид оролцоогүй онцлогтой. Хамгийн өндөр настай тоглогч нь тэр үед 34 нас хүрсэн голланд Вим Андерсен байжээ.
ДАШТ-1950: Дайны дараа тоглогчдын дугаартайгаар
1950 оны мундиаль урт хугацааны дараах анхны тэмцээн болов. Учир нь дайны улмаас 1942 ба 1946 оны тэмцээнүүд явагдаагүй билээ. Дэлхийн аваргыг хүлээн авах эрх Бразилид ноогджээ.
Энэ тэмцээн нь хэсгийн шатны тоглолтын дүнгээр ялагч тодорсон анхны ба сүүлийн ДАШТ байлаа.
https://lenta.ru/articles/2014/03/21/brazilcup/ Видео авах
Дэлхийн цомын эзнээр Урагвай тодорч хоёр дахь удаагаа аварга болжээ. Шилдэг мэргэн бууч нь Бразилийн Адемир болсон юм. Тэндээс тоглолтуудад хөлбөмбөгчдийг ялгасан хувийн дугаар хэрэглэх уламжлал төржээ.
ДАШТ-1954: Нүсэр зодоон
Дэлхийн тав дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн Швейцарид болон гол тоглолтод нийт 16 орон оролцжээ. Нэгдүгээр байрны төлөө тэр үеийн хамгийн хүчирхэг баг Унгар Германтай тоглосон байна. Немцүүд найм дахь минутад 0:2 харьцаатайгаар хожигдож явснаа эцэст нь 3:2 харьцаатайгаар ялав. Шилдэг тоглогч ба мэргэн буучаар унгар Шандор Кочиш шалгарсан ба тэрээр 11 бөмбөгийг эсрэг хаалганд оруулсан байлаа. ДАШТ-1954 нь дөрөвний нэгийн шигшээ тоглолтын Унгар-Бразилийн тоглолт бөөнөөр зодолдсон тохиолдлоор түүхэнд үлджээ.
ДАШТ-1958: Хөөрсөн Пелегийн ухаан алдалт
Дараагийн дэлхийн цомын тэмцээнийг явуулах эрхийг Швед авчээ. Бразили түүхэнд анх удаагаа аварга болжээ. Түүний бүрэлдэхүүнд 17 настай Пелегийн од гийжээ.
Шөвгийн тоглолтод Бразиличууд тэмцээний эзэн орны шигшээтэй тоглон шведчүүдийг 5:2 харьцаатайгаар хожсон байна. Сонирхолтой нь хос бөмбөг эсрэг хаалганд оруулсны дараа залуу Пеле сэтгэлээ барьж чадалгүйгээр эмчийн тусламж авч байв. Шилдэг мэргэн буучаар 13 бөмбөгтэй Жюст Фонтен тодорсон ба дээр нь багийнхаа хамт хүрэл медаль авжээ.
ДАШТ-1962: Иванов Гарринчаг барсангүй
Долоо дахь мундиалийн эрхийг ФИФА Латин Америкийн Чилид олгожээ. Хоёр дахь удаа дэлхийн аваргаар Бразили тодров. Шар-ногоонтнууд шөвгийн тоглолтод Чехословакийн багийг 4:1 харьцаатайгаар буулган авчээ.
Шилдэг мэргэн буучийг тодруулахад хүндрэл учрав. Шууд зургаан тоглогч, тэдний тоонд Зөвлөлтийн Иванов зургаан бөмбөгтэй байлаа. Эцэст нь сугалаагаар уг асуудлыг шийдэн Бразилийн Гирринча уг цолыг авчээ.
ДАШТ-1966: Хулгайлагдсан цом
Дэлхийн аварга эхлэхээс өмнө нэгэн сүйрлийн дуулиан мандлаа. Дэлхийн аварга баг цомыг тэмцээний эзэн Англид дамжуулан өгсөн ба англичууд бүгдэд харуулахаар цомыг үзмэр болгосон байсныг гуравдугаар сарын 20-нд хулгайлсан байв. Гэмт хэрэгтэнг илрүүлж цомыг буцаан авсан байна.
Тэмцээний шөвгийн тоглолтоор Англи-ХБНГУ-ын багууд тулгарч 4:2 харьцаатайгаар англичууд тодорч анх удаагаа аварга болжээ. Гуравдугаар байрны төлөө Зөвлөлтийн багийг Португали (1:2) хожсон ба шилдэг мэргэн буучаар нь португаль Эйсебио шалгарчээ.
ДАШТ-1970: Дайн гаргав
Дэлхийн аваргын тэмцээний эрхийг анх удаагаа Европ, Өмнөд Америкаас өөр бүсэд өглөө. Мексикт тэр эрх иржээ. Гол тоглолтод Бразили Италийн багийг 4:1 харьцаатайгаар буулган авч аварга боллоо. 10 гоолтой немц Герд Мюллер шилдэг тоглогч болов.
Сонирхолтой нь энэ тэмцээнийг Гондурас, Сальвадор хоёрын хооронд гарсан зургаа хоногийн дайны шалтгаан гэж үздэг. Энэ дайнд гурван мянга гаруй хүн амь үрэгдэж, зургаан мянга гаруй хүнийг шархдуулсан байв.
ДАШТ-1974: Зөвлөлт засгийн эсэргүүцэл
Дэлхийн аваргын ойн тэмцээн явуулах эрхийг ХБНГУ-д өгөв. Дөрвөн удаа ДАШТ-д оролцсон Зөвлөлтийн баг түүнд оролцсонгүй. Тэд сонгон шалгаруулах шатны тоглолтыг Чилитэй хийгээгүй юм. Зөвлөлтийн бага концлагерь болгосон цэнгэлдэхэд тоглохгүй гэсэн байлаа. Шөвгийн тоглолтод тэмцээний эзэн Нидерландад хожигдож яваад 2:1-ээр хожин аварга болжээ. Гуравдугаар байранд Польш орон түүний довлогч Гжегож Лято долоон гоолтойгоор шилдэг мэргэн бууч болжээ.
ДАШТ-1978: Шотландчуудын допинг
Арван нэгдэх ДАШТ Аргентинд явагдлаа. Уламжлал ёсоор талбайн эзэн шөвгийн тоглолтод шалгаран Голландын багийг 3:1 харьцаатайгаар буулган авлаа. Аргентины довтлогч Марио Кемпес шөвгийн тоглолтод хоёр гоол нэмэн оруулснаар зургаан бөмбөгтэй болон шилдэг мэргэн бууч боллоо. Шотландын хагас хамгаалагч Вилли Жонсоноос сэргээш илрэн багийг нь тоглолтоос хассан дуулиантай байлаа.
ДАШТ-1982: Анхны 11 метрийн торгуулийн цохилтууд
Дараагийн ДАШТ Испанид болсон ба гол тэмцээнд оролцогчдын тоог 24 болгожээ. Талбайн эзэн хоёрдугаар шатанд хасагдаж, шөвгийн тоглолтод нь Итали, ХБНГУ хоёр тоглов. Италичууд хүчтэй байсан ба тэд немцүүдийг 3:1-ээр буулган авлаа. Мэргэн буучийн цолыг зургаан бөмбөгтэй италийн Паоло Росси авлаа.
Тэмцээний түүхэнд тоглолтын хувь заяаг тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилт шийдсэн байв. Хагас шигшээ тоглолтод немцүүд торгуулийн цохилтоор францчуудыг буулган авсан байлаа.
ДАШТ-1986: Марадоны “алтан бөмбөг”
Аваргын тэмцээнийг Колумб татгалзсаны дараа хоёр дахь удаагаа Мексик хүлээн авлаа. Гол тоглолтыг Аргентин ХБНГУ хоёр хийж аргентинчууд 3:2 харьцаатайгаар хожин хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Тэмцээний шилдэг тоглогчоор тодорсон Диего Марадона “Алтан бөмбөг” шагнал авсан ба Гарри Линекер зургаан гоолтойгоор шилдэг мэргэн бууч болжээ.
ДАШТ-1990: Непомнящыйн ялгуусан ялалт
Дэлхийн аварга Италийн талбайд явагдлаа. ХБНГУ-ын баг гурав дахь удаагаа дараалан шөвөгт шалгарч Аргентинаас даагаа нэхэн 1:0 тоогоор авч дэлхийн аварга болов. Талбайн эзэн хүрэл авчээ. Шилдэг мэргэн буучаар нэгэн тэмцээний од болсон итали довтлогч Сальваторе Скилаччи зургаан гоолоор тодорчээ.
Тэмцээний гол дуулианыг хэний ч мэдэхгүй байсан Зөвлөлтийн дасгалжуулагч Валерий Непомнящий хийн Камеруны багийг дөрөвний нэгийн шигшээ хүргэсэн байв.
ДАШТ-1994: Марадонаг хассан нь
Тэмцээний эзнээр АНУ тогтоогдов. Дөрөв дэх удаагаа дэлхийн аваргаар бразиличууд тодорлоо. Үндсэн ба нэмэлт цагаар Бразили, Герман хоёр хэн нэгнийгээ дийлсэнгүй. Тоглолтын дараах 11 метрийн цохилтоор Бразили хүчтэй байлаа.
Тус бүр зургаан бөмбөгтэй Оросын довтлогч Олег Саленко, Болгарын довтлогч Христо Стоичков хоёр шилдэг мэргэн буучид болжээ. Цуснаас нь хориотой бодис илэрсэн Диего Марадона тэмцээнээс хасагдсан байв.
ДАШТ-1998: Блан Бартезыг үнссэн нь
Дэлхийн цомын 16 дахь тэмцээн Францад явагдлаа. Гол тоглолтод “Стад де Франс” цэнгэлдэхэд Франц, Бразили хоёр тулгарч талбайн эзэн дөрвөн удаагийн аваргыг 3:0 харьцаатайгаар хожсон юм.
Шилдэг гоол оруулагчаар зургаан бөмбөгтэй хорват Давор Шукер нэрлэгдэж, шилдэг хаалгачаар франц Фабьен Бартез нэрлэгджээ. Тоглолт бүрийн өмнө Бартезийн халзан зулайг хамгаалагч Лоран Блан үнсдэг байсан нь дурсагдан үлджээ.
ДАШТ-2002: «Пентакампеонууд»
ДАШТ анх удаагаа Азид, түүгээр ч барахгүй Өмнөд Солонгос, Япон хоёрт явагдлаа. Шөвгийн тоглолтод Бразили, Герман хоёр тулгарч, тэмцээний шилдэг мэргэн бууч болсон Роналдугийн хоёр бөмбөгийн буянаар бразиличууд 2:0-иар хожлоо. Тэд таван удаагийн дэлхийн аварга болжээ.
ДАШТ-2006: Зиданы мөргөлт
Мундиаль дахин Германд ирэв. Талбайн эзэн хүрэл медальтай хоцорлоо. Харин тэдний довтлогч Мирослав Клозе зургаан гоол оруулан шилдэг нь болов. Тоглолтын дараах 11 метрийн торгуулийн цохилтоор хүчтэй байсан Италичууд дэлхийн дөрвөн удаагийн аварга болж, францчууд хоёрт нь оржээ. Энэ тоглолтод францын довтлогч Зинедин Зидан, Марко Матераццийн өдөөн хатгалтад автан түүнийг мөргөн унагаснаар талбайгаас хөөгдөж байлаа.
ДАШТ-2010: Солонгосчуудыг шийтгэжээ
Тэмцээнийг анх удаагаа Африкт, нэг үгээр ӨАБНУ-д явуулахаар болов. Гол тоглолтыг Испани, Голланд хоёр хийж цорын ганц гоолыг нь нэмэлт цагт буюу 116 дахь минутад Андрес Иньеста эсрэг хаалганд оруулан Испанийг түүхэнд анх удаа дэлхийн аварга болголоо. БНАСАУ-ын шигшээ Португалид хожигдсоны дараа дасгалжуулагч Ким Чен Хуныг тус орны тусгай албаныхан зургаан цаг байцаагаад дараа нь засан хүмүүжүүлэх лагерьт илгээсэн гэдэг. Мөн энэ тэмцээний үеэр нутгийн хүмүүсийн арсланг айлгадаг вивузела бүрээний чихэнд чийртэй дуу санагдан үлджээ.
ДАШТ-2014: Бразилийн ичгүүр
Хорь дахь дэлхийн аваргын тэмцээн Бразилид явагдсан ба талбайн эзэн бразиличууд хагас шигшээ тоглолтод германчуудад 1:7-гоор ичгүүртэйгээр хожигдсон байв. Тэд энэ эрчээрээ гуравдугаар байраа голландчуудад 0:3-аар алдсан байв.Гол тоглолтод Герман, Аргентин хоёр шалгарч цорын ганц гоолыг германчуудын хагас хамгаалагч Марио Гетце хаалганд оруулан Германыг дэлхийн дөрөв дэх удаагийн аварга болгожээ. Шилдэг гоол оруулагч нь Колумбийн Хамес Родригес зургаан бөмбөгтэйгээр болж байлаа.
М.Цогт