“Apple” компани хэрэглэгчдийн яаралтай тусламжийн дуудлагыг илүү хурдан, шуурхай хүргэх зорилгоор “RapidSOS” компанитай хамтран гар утсаараа 911 дугаарт залгасан тохиолдолд таны байршлыг автоматаар илгээх тохиргоо хийхээр болжээ.
Хэрэглэгч яаралтай тусламжийн дуудлага хийсэн даруйд “Iphone” тухайн гар утасны байршлыг нь тогтоон “RapidSOS” компанид мэдээллийг шилжүүлнэ. Ингээд тус компани тухайн байршилд хамгийн ойрхон байрлах яаралтай тусламжийн төвд мэдээллийг хүргэх аж. Энэхүү тохиргоог хийснээр жилд 10 мянган хүний амийг аврах боломжтой хэмээн тооцоолжээ.
“Apple” компани уг тохиргоог энэ оны сүүлээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд iOS12 систем суулгасан хэрэглэгчдийн гар утсанд ажиллах боломжтой аж. АНУ-ын Үндэсний яаралтай тусламжийн дуудлагын холбооноос мэдээлснээр 911 дугаарт хандсан иргэдийн 80 хувь нь гар утсаараа дамжуулан холбогдсон байдаг аж.
Эх сурвалж: time.com