Инстаграм хэрэглэгчдэдээ 1 цаг хүртэлх хэмжээтэй видеог оруулах боломж олгосон IGTV нэмэлтээ танилцууллаа. Апп-ийн баруун дээд буланд нэмэгдсэн "дэлгэц" дээр дарснаар та өөрийн дагаж буй болон эргэн тойронд эрэлттэй буй видеонуудыг үзэх боломжтой болно. Мэргэжилтнүүд тэднийг энэ нэмэлтээрээ Youtube-тэй видео контентийн орон зайд дайн зарлалаа хэмээн үзэж байгаа юм. Сонирхуулахад, өнгөрсөн 9-р сард 800 сая идэвхтэй хэрэглэгчтэй байсан Инстаграм 1 тэрбум хэрэглэгчийн босгыг давснаа энэ үеэр мөн зарлажээ.
Харин Youtube 10 мянгаас дээш дагагчтай хуудсуудад зориулсан гишүүнчлэл болон онлайн худалдаа хийх нэмэлтийг танилцууллаа. Шаардлага хангасан контент бүтээгчид зөвхөн төлбөр төлсөн гишүүддээ зориулсан тусгай видео оруулах, лайв бичлэг хуваалцах боломж олгохоос гадна өөрсдийн брэнд, өнгө төрх шингэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах боломжтой болж байгаа нь энэ юм. Гишүүнчлэлийн төлбөр сарын 4,99 доллар байх төлөвтэй байна.