УИХ-ын ээлжит сонгуулийн буухиа өчигдөр эхэлж, сар жилээр сунгаж сойсон морьд гараанаас гарав. Энэ удаагийн сонгуульд сонгуулийн 20 тойрогт 606 нэр дэвшигч /нэг тойрогт дунджаар 30 нэр дэвшигч/ өрсөлдөж байгаа нь өмнөх сонгуулийн дунджаас арав дахин давсан байна.
Мэдээж гарааны эхнээс АН, МАН тэргүүлж, МАХН, ШИНЭ нам, тэгээд бие даагч нар хоцросхийгээд дагаж байна. Тэр бол зүгээр нэр дэвшигчдийнх нь олон танигдсан байдал болоод намын суурь рейтингээр хэмжсэн хэмжүүр болохоос биш яг бариан дээр ирэхэд хэн нь түрүүлж орохыг сонгогчид шийднэ. Тэгээд ч сонгууль болтол дахиад 21 хоногийн зай ч байна, лай ч байна.
"Лай" гэснээс эрх барьж байгаа, барьж байсан хоёр нам өөр өөрийн гуншинтай сонгуульд орж байгаа. Ардчилсан нам нэр дэвшигчдээсээ татсан 100 саяараа балбуулж, Ардын намынхан ЖДҮ, 60 тэрбумаараа нүдүүлээд үзүүштэй л зодоон болох төлөвтэй.
Сануулахад, МАН-ын генсек Д.Амарбаясгалан сонгуулийн нэр дэвшүүлэлт гарахын өмнө “Манай нам нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг татахгүй” гэж мэдэгдсэн. Харин СЕХ “нэг тойрогт нэр дэвшигчдийн ухуулга сурталчилгаанд зарцуулах зардал 400-500 сая төгрөг /хүн ам олонтой зарим тойрогт 600-800 сая/ байна” гэсэн тооцоог танилцуулсан. Тэгэхээр МАН тэр мөнгийг хаанаас, яаж санхүүжүүлж байгаа нь бас л сонирхолтой. Нам ямар мөнгө үйлдвэрлэх биш.
Гэсэн ч эрхбиш хуультай юм болохоор сонгууль дууссаны дараа намууд СЕХ-нд зардлынхаа тайлан, санхүүжилтийн эх үүсвэрээ тайлагнах ёстой. Тэр үед зарим зүйл тодорхой болох байлгүй дээ. Сонгогчид ч гэсэн 100 саяыг төлсөн АН-ын нэр дэвшигч туйлаад явна уу, ЖДҮ, 60 тэрбумаар хөллөсөн МАН-ын нэр дэвшигчид зутраад байна уу гэдгийг ялгаж, салгаад харчих л улс.
Гишүүн тус бүр 950 сая төгрөг төсвөөс “хусчихсан” шүү дээ. Бараг шахуу тэрбум төгрөг.
Б.ЗАЯА