Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийг хэвлэлийнхэн, тоймчид "ҮХЛИЙН ТОЙРОГ" гэж нэрлэж байна. Учир нь хүчтэй өрсөлдөгч олонтой учир тулаан ширүүхэн өрнөнө, сонгогчид сонголтоо хийхэд амаргүй гэж онцолж байгаа хэрэг. Манай TIMES.MN сайт нэр дэвшигчдийн мэдээлэлд анализ хийж, тойргийн сонин содон хэмээх цувралдаа “үхлийн тойрог”-ийг онилов.
Энэ дүүрэгт ямар хүмүүс нэр дэвшихээр болсныг уншигчид хангалттай мэдэж байгаа учир нуршилгүй ижил төстэй болон онцлог зүйлсийг нь тоймлон хүргэж байна. Хан-Уулд дүүрэгт сурсан сургууль, эзэмшсэн мэргэжил, ажлын туршлага, санхүү эдийн засгийн мэдлэгээрээ эн дүйцхүйц, боловсрол өндөр, шинэ цагийн сэхээтэн, хоёр хөрөнгө оруулагч нэр дэвшиж байна. Investor буюу хөрөнгө оруулагчаар ажиллаж байгаа хүмүүс Монголд цөөхөн. Эрсдэлийг тооцож, шинэлэг санааг дэмжиж, амжилтыг тооцоолж, итгэлийг өгч залуусын гарааны бизнесийг бойжуулна гэдэг амаргүй. Онохоосоо алдах магадлал байнга гэтдэг. Ирээдүйгээс олох ашгийг таамаглах чадвартай, тухайн салбарыг томоор зураглах мэдлэгтэй, хүн таних мэдрэмж өндөртэй хүний хийдэг ч ажил байж мэднэ. Ийм хоёр шаркийг МАН, АН хоёр нэг тойрогт “сойжээ”.
10 жил
АН-аас Хан-Уул дүүрэгт Банзрагчийн Түвшин хэмээх залууг нэр дэвшүүлсэн. Мэргэжил нь нягтлан бодогч, эдийн засагч. Сүүлд хуулиар суралцаж, хос мэргэжилтэй болжээ. Мэргэшил нь MBA, CPA, CPTA. Итали улсын ОУБИС-д MBA хамгаалсан, бизнесийн удирдлагын докторант , Их Британи, Арабын Нэгдсэн Эмират гээд олон оронд төрөлжсөн чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Жинхэнэ шаркууд амьдралын гүнд байдаг юм байна. Тэд шоу нэвтрүүлгийн дэлгэцээр гардаггүй болохоор хүмүүс тэр бүр танихгүй, бас мэддэггүй.
Чимээгүй атлаа бодитой, жинтэй хөрөнгө оруулалтаараа жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ирсэн жинхэнэ шарк бол Б.Түвшин ажээ. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд 5 сая төгрөгөөс эхлээд 1 тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэйгээр олон бизнесийг дэмжиж, 3 жил болоод л хөрөнгө оруулалтаасаа ашгаа аваад гардаг аж. Тэрээр өөрийн болон нөхдийгөө уруу татан өнөөдрийг хүртэл нийтдээ 30-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ. Хэрвээ алдвал өөрөө хариуцлагаа үүрнэ. Бизнес амжилт олбол илүү ашиг хүртэнэ. Тэрээр энэ хугацаанд хөндлөнгөөс хараад суудаггүй. Бүүр болохоо байвал ханцуй шамлаад дунд нь орж, өдөр шөнөгүй зүтгэж,босгосон түүх ч бий аж. Заримдаа итгээд, хүлээх ч тохиолдол цөөнгүй. Хааяа алсаас чиглүүлэх нь олонтаа. Нийтдээ 12 салбарт жижиг гэлтгүй олон бизнес төслүүдийг санхүүжүүлжээ. Тэрээр томоохон компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллахын зэрэгцээ олон жижиг, дунд бизнесийг босгож ирсэн чадварлаг залуу аж.
1 жил
МАН-аас Хан-Уул дүүрэгт Г.Амартүвшинг нэр дэвшүүлсэн. Түүнийг олон түмэн Шаркуудын нэг гэдгээр нь андахгүй. МонголHD телевизийн шоугаар танигдаж гарч ирсэн нэгэн. Эрээн оймс, үнэтэй чамин хувцаслалт, үгээ таслалсхийн ярих нь түүний имиж гэлтэй. Бас шаггүй боловсролтой залуу. Бельги Улсын Брюссель дэх Европын Их Сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй дүүргэсэн бөгөөд АНУ-ын Харвардын бизнесийн сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Тэрбээр ажлын гараагаа ABN AMRO банкнаас эхэлсэн төдийгүй Лондон, Амстердам болон Чикаго хотуудын салбарт ажиллаж байв. Мөн Казахстан Улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдэлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж байгаад эх орондоо ирж Хас банкны гүйцэтгэх захирлаар ажиллах болсон. Сүүлд зургаан сар орчим Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад ажлаа өгсөн. МАН-аас бодлогоор гаргаж байгаа нэр дэвшигч.
Г.Амартүвшин ikon.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Монгол HD Нэвтрүүлгийн продюсерууд “Энэ шоу шинэ үеийн сонин содон нэвтрүүлэг болно. Зүгээр л мөнгө гаргаад бусдын бизнесийг худалдаж авах бус олон нийтэд маш их мэдлэг, мэдээлэл түгээх боломж. Гоё нэвтрүүлэг болно” гээд л ятгаж байсан л даа. Удаан бодсоны эцэст шийдвэр гаргасан. Нэвтрүүлгийг үзэгчид ийм сайн сайхан хүлээж авна ч гэж бодсонгүй. Би нийтдээ 197 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэж ярьжээ. Тэрээр өмнө найз нөхдийнхөө санал болгосноор ганц, хоёрт бизнест хөрөнгө оруулж байжээ. Ихэвчлэн банкны салбарт илүү дагнан ажиллаж ирсэн туршлагатай нэгэн юм.
Х.Тамир
Сэтгэгдэл (19)