Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийлээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ. Түүнийг шүүх хуралдаанаас ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна.
Н.Номтойбаяр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ноёнтой тэрсэлдсэн хүн хормойгүй гэж ардын, улстөр орсон цагт хууль хамаагүй гэж миний хэлсэн үг үнэн боллоо. Чингэлтэй дүүргийн шүүгч намайг хорих шийдвэр гаргалаа. 461 хорих ангиас УИХ-ын сонгуульд Хан-Уулаас нэр дэвшээд гараад ирэхийг харъя гэж байгаа бололтой. Өнөөдрийн хуулийн байгууллага МАН-ын харуул хамгаалалтын алба шиг ажиллаж байгаа нь миний нэр дэвшиж байгаагийн нэг үндэслэл. Иргэд хүчтэй!!!" хэмээн бичжээ.
Н.Номтойбаяр нь 2020 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд СЕХ-ноос түүнийг бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэсэн. Тэрээр одоо ч нэр дэвшигч хэвээрээ байгаа юм.
Харин түүний өмгөөлөгч Н.Мандах: Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэдэг. Шүүх хуралдааны явцад прокуроруудаас мэдээлэл гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярт цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргаагүй хэр нь шүүх хуралдааны төгсгөлд мэдээлэл гаргаж өгсөн. Энэ ямар мэдээлэл байсан бэ гэхээр "мөрдөгчтэй утсаар ярьсан гэсэн агуулгатай", бидэнд танилцуулаагүй. Ингээд шүүх зөвлөлдөөд шийдвэрээ гаргасан. Ингэхдээ Н.Номтойбаярын нарын хэргийг шүүхэд шилжүүлж байгааг хэлээд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Н.Номтойбаярт авсан тайлбарыг хэлсэн.
Өмгөөлөгч нарын хувьд шүүхийн энэхүү шийдвэр Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг баривчлах эсэх асуудлыг шийдэх юм бол СЕХ-ноос зөвшөөрөл авах зохицуулалттай. Яагаад гэвэл 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр СЕХ-ноос Н.Номтойбаярт бие даан нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоол гарсан.
Үүнийг шүүх мэдсээр байж цагдан хорих шийдвэр гаргасан нь цэвэр улс төрийн зорилготой гэж харж байна" гэлээ.
Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл /худал мэдүүлэх/-ийн 21.2-1, 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Сэтгэгдэл (5)