Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган, Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ.
Говь-Алтай аймгийн засаг дарга асан В.Рэнцэндорж нь тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа агсны амиа алдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй билээ.
Мөн энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар боллоо. Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Тэрээр ажлын байран дээрээ архидан согтуурахсан нь тогтоогдсон. Өөрөө ч үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Орлогч нь үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.
Мөн ЦЕГ-ын дарга мэдээлэл өгөхдөө, түүнийг журам зөрчсөн нь баримтаар нотлогдсон буюу ЗДТГ-ын байр руу архи, согтууруулах ундаа оруулсан үнэн, хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар шалгалт явуулахад багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн байна.
Говь-Алтай аймгийн засаг дарга В.Рэнцэндорж өөрөө архи, согтууруулах ундаа ажлын байран дээрээ оруулсан нь үнэн, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ.