Солонгост ажиллаж байгаад ирсэн манай нэг залуу сонирхуулж ярьж байна гэнэ. “Гүү тэр солонгос охид чинь яаг нөгөө кинон дээр гардаг шигээ сөөжүү гэдэг архиа уугаад тасрахаараа Хан мөрнийхөө эрэг дээр очоод тэрийгээд хэвтчих юм. Тэгсэн чинь тэднийг бүр хээн ч яах ч үгүй юм” гэж ирээд үнэнээсээ гайхаж байна гэнэ.
Гэтэл мань эрийн гайхсан шиг гайхаж, “гоцоймоор” хачин жигтэй явдал манайд бас болдог юм байна. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан өчигдөр хуралдах байснаа хойшлов оо. Тэгэхдээ хойшлуулсан шалтгаанаа “Коронавирусын халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосонтой холбоотойгоор” гэснийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэв. Энэ мэдээллээ хуралдаан товлогдсон өдрөөс хоёр хоногийн өмнө мэдээлсэн ч боловч өнгөрсөн хоёр хоногийн дотор манайхнаас бүр хээн ч гайхаж “гоцойсонгүй”. “Цэцийнхэн манийгаа дамшигласан юм байлгүй дээ” гэж эргэлзээд хүлээсэн чинь үнэнээсээ хуралдаан болсонгүй.
Ингэхэд Цэцийн хуралдаан нийтийг хамарсан үйл ажиллагаа мөн үү? Хэрвээ тийм бол энэ олон шатны шүүхүүд нь ч гэсэн тэр үйл ажиллагаагаа түр зогсоогоод, хөл хорио тогтоомоор байшт. Уг нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Цэцийн таван гишүүн л оролцоно. Дээр нь маргаан үүсгэхээр гомдол гаргасан иргэн, хуралдааны нарийн бичгийн дарга энэ тэр гээд 6-7 хүн л оролцох юм байна. Тэгсэн чинь манай нөхөд “коронавирус тараахаас айсан” гэнээ. Ерөөсөө улсаараа, нийтээрээ айгаад ажилдаа хийхгүй гэртээ бүгвэл яасан юм.
Ямартай ч энэ удаагийн үйлдлээрээ Цэц бол хүссэнээ хийж, хүссэнээ л хэлдэг дур зоргын “этгээд” гэдгээ нотлон харууллаа. Бүр хээн ч тэрийг нь гайхахгүй, шүүмжлэхгүй байгааг харваас үүнийг нь нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн ч юм шиг байна. Шинэ коронавирусын халдвар “тэтгэврийн насныханд” илүү эрсдэлтэй байгаа судалгааг ДЭМБ танилцуулсан нь үнэн л дээ. Гэхдээ арай ч хөл хорионд оруулчихаагүй байна. Энэ тохиолдолд ядахдаа хуулийн үндэслэл тавьж байж хуралдаанаа хойшлуулж, наашлуулах ёстой байлтай.
Ингэхэд Цэцийн дунд суудлын хуралдаанаар юуг хэлэлцэх ёстой байсан бэ гэж үү? Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай. Уг нь “лаг” том асуудал.
Өнгөрөгч оны гураавдугаар сард ЗГХЭГ-ы дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраар тогтоол гаргуулж “Эрдэнэт” дээр онц байдал тогтоож байгаад үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авсан билээ. Цагдаа, тагнуулаа дагуулж очоод үйлдвэрийг бүсэлж байгаад 49 хувийг төлөөлж байсан захирлуудыг ажлаас нь халж өрөөг нь лацадсан байдаг юм. Яаг нөгөө 1997 онд ТӨХ-ны дарга Ш.Отгонбилэгийн цоожтой өрөөг сүхдэж ороод тамга, тэмдгийг нь авсан шиг юм болсон.
Ингэхдээ 1991 онд БНМАУ-ын АИХ-аас баталсан “Засгийн газарт эрх олгох тухай” хуулийг үндэс болгосон байдаг юм. Тэр үйл явдлаас хойш “хуулиас гадуур хувийн өмчид халдсан энэ үйл явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай” маргаан үүсээд жил шахам явж байна. Цэц уг асуудлыг хэлэлцээд маргаан үүсгэхээс татгалзсан юм байна. Үндэслэл нь Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийн 15.4-т “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн байна. Утга нь 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улс хууль тогтоомжуудаа Үндсэн хуульдаа нийцүүлэн өөрчилсөн тул өмнөх нийгмийн харилцааны үед батлагдсан хууль тогтоомжийг эргэж хянахгүй гэсэн санаа л даа.
Гэтэл яагаад ч юм 1991 онд БНМАУ-ын АИХ-аас баталсан нэг хуулийг манай тухайн үеийн хууль тогтоогчид хүчингүй болголгүй хэвээр нь үлдээчихсэн юм байна. Уг нь бол 1992 оноос батлагдсан бүх хуулиар, ялангуяа Үндсэн хуулиар “Хувийн өмчийг хуулиар хамгаална. Өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэчихсэн байгаа. Харин Цэц уг маргааныг шийдвэрлэхдээ Үндсэн хуулиа биш, журмын тухай хуулиа барьсан байдаг.
Тиймээс Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь (15-ын 4) өөрөө Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Цэцэд гомдол гаргасныг өчигдөр Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой байв. Гэтэл манай нөхөд коронавирусаар шалтаглан өмнө товлосон хурлаа хойшлуулсан байдаг юм.
Б.ЗАЯА