Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруйг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт нянгийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа онцлов. Мөн Ухань хотод сурч буй оюутнуудыг эх орондоо авч ирэхэд хятадын төр болон орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж, шуурхай ажилласанд талархал илэрхийллээ.
Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэв.
Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа сайд Д.Цогтбаатарт гардуулахдаа хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНХАУ-аас Монгол Улсад суух шинээр томилогдон ирсэн Элчин сайд Цай Вэньруй нь нэгдүгээр сарын 30-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ.
Элчин сайд Цай Вэньруйгийн товч намтар:
- 1985-1986 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан,
- 1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан,
- 1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе,
- 1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга,
- 1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга,
- 1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга,
- 1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга,
- 2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга,
- 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх,
- 2009-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний боловсон хүчин ,
- 2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга,
- 2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин-д суугаа Ерөнхий консул,
- 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар тус тус ажиллаж байжээ.